Тосгоны захирагч, ажлын албаны дарга хоёрын хэргийг өршөөлөө


Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагч Ж.Энххуяг, Захирагчийн ажлын албаны дарга Б.Цэргээхүү нар 2016 оны 5 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 10 тонн даацтай гүүрний барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлэн, үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засах тусгай зөвшөөрөлгүй “Ү” ХХК-ийг сонгон шалгаруулжээ. Уг компанитай 2016.06.02-нд ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байна. Тус гэрээний 5.6-д “Гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэх заасныг зөрчиж, 2016 оны 6, 9 дүгээр сард 3 удаагийн үйлдлээр 40 сая төгрөг шилжүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Тэдэнд энэ хэргээр прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025.07.03-нд уг хэргийг хэлэлцээд, Ж.Энххуяг, Б.Цэргээхүү нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9.7 сая төгрөгөөр торгосон байна. Мөн “Ү” ХХК-ийн захирал Ц.Б-с 30 сая, Б.Цэргээүүгээс 5 сая, Ж.Энххуягаас 5 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнийг тэд эсэргүүцэн, давж заалдсан аж. Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025.11.11-нд уг хэргийг хэлэлцээд, Ж.Энххуягийг үнэлгээний хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлсөн нь тогтоогдоогүй хэмээн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан бол Б.Цэргээхүүгээс 10 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, бусад ялыг хэвээр нь үлдээжээ.

Улсын дээд шүүх 2026.02.04-нд уг хэргийг хянаад, “Эрх мэдлээ урвуулах гэмт хэргийн шинж нь албаны эрх ашгаа урвуулах, бусдад болон өөртөө ашиг олохыг хичээх сэдэлтэй байхаар тусгагдсан. Энэ гэмт хэргийн шинж шүүгдэгчдийн үйлдэлд тохирохгүй байна. Харин тендер шалгаруулах явцад гэрээ байгуулж, гэрээний дагуу гүүрний барилгын ажлыг хийсэн компанид зохих хяналт тавих албан үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тохирсон байна” гэж дүгнэлээ. Ингээд Ж.Энххуяг, Б.Цэргээхүү нар тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жил хасаж, 5000 нэгжээр торгов. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн, шүүгдэгч нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөсөн байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *