2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Учир нь энэ насны бүлгийнхэнд өвчлөл хамгийн өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлтээр дархлаажуулж байгааг Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэж буй. Тодруулбал, өнгөрсөн оны эхээр Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол зөөвөрлөгдөн бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 14,075 тохиолдол батлагдаж, нас баралт 12 хүрсэн байна.
Батлагдсан тохиолдлуудын 5,192 нь 10-14 насныхан юм. Иймд 10-15 насныхныг нэмэлтээр дархлаажуулах ажлыг өнгөрсөн сарын 26-наас улс даяар эхлүүлсэн. ХӨСҮТ- өөс цар тахлын дараах жилүүдэд улс орнуудад улаанбурхан өвчин тохиолдлын тоо эрс нэмэгджээ. Одоогийн байдлаар 170 гаруй улсад улаанбурхны өвчлөл бүртгээд байгаа аж. Өвчлөл өндөр байгаа орнууд 2025-2026 онд 30 гаруй оронд улаанбурхан, улаануудын вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг энэ халдварт өртөж байгаа насныхан бүлгийнхэнд урьдчилан сэргийлэхээр хийж байна. Харин Монголд нэгдүгээр сарын 26-наас эхлэн сургуульд суурилсан дархлаажуулалтын түр цэгүүдээр зохион байгуулж байгаа бөгөөд хэрэв сургууль дээрээ дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хоцорсон бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 80,000 гаруй хүүхэд улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
