Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал илэрхийлсэн юм.

Элчин сайд Чой Жин Вон, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлж хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд 2025 онд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд ийн хоёр орон хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулан хадгалж ажиллаж буйгаа ноён Чой Жин Вон дурдсан юм.

УИХ-ын даргын зүгээс “Банкны реформ хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн найдаж байна” хэмээсэн.
Үргэлжлүүлэн талууд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудал, хоёр талын ховор металлын салбарт эхлүүлээд буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санхүү, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн чухал ач холбогдолтой шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцав. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар, тэр дундаа “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн ажлыг урагшлуулах талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг шинэ шатанд гаргах Элчин сайдын зорилгод Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
