“Би чамд хайртай”-гийн Үрлээ: Золбоо бол эмнэлэгт шөнөжин сахиж хоносон хүүгийн нэр


Олон нийт түүнийг “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр андахгүй. Монголын тайз, дэлгэцийн урлагт тод мөрөө үлдээсэн жүжигчин. Тэрбээр тайз, дэлгэцийн 20 гаруй бүтээлд дүрээ мөнхөлснөөс гадна үндэсний өдөр тутмын хувцас урлаач юм.

С.Пүрэвмаа 30 гаруй жилийн турш үндэсний хувцасны өдөр тутмын загварыг судалжээ. Тэрбээр бие даасан “Өмсгал” үзэсгэлэнгээ гаргаж буй билээ. “Би чамд хайртай”-гийн Үрлээ буюу С.Пүрэвмаатай ярилцлаа.

-Таныг хүмүүс “Би чамд хайртай”-гийн Үрлээ гэдэг дүрээр мэднэ. Гэтэл та хувцас загварт олон жилийг зарцуулсан байна. Үйл урлаж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг хүн бүхэн мэднэ. Тэр жүжигт тоглохдоо нүдэндээ борз түрхсэн юм. Түүнээс хойш заримдаа ч нүд улайж, загатнаж эхэлсэн. Тайзны олон давхар гэрэл харахаар бүр өвддөг болсон. Үүнийгээ дор нь эмчид үзүүлээгүйгээс болж, нүдний салстын архаг үрэвсэлтэй болж, группт орсон. Ажлаа хийж чадахгүй, дээшээ хараад хэвтдэг, заримдаа уйлдаг байлаа.

Тэр үед ээж маань “Цэвэр агаарт гараад, миний хүү хөл нүцгэн яваарай. Уйдвал Чалхаа эгч дээрээ очоод, оёдол сурвал яасан юм бэ” гэсэн. Оёдол намайг сэрээж өгсөн. Анх пиджакны мөр шидээд үзүүлэхэд “Яасан завхарсан юм хийдэг юм бэ” гэж уурлаад, ураад шидчихдэг байсан. Тэр хатуу багшийнхаа буянаар одоо хүртэл үйл хийж яваадаа баярладаг.
Багш минь ээжийн талын хүн л дээ. Түүх ингэж л эхэлсэн. Хамгийн анх ээжийнхээ өвлийн пальтог задлаад, хүрэм хийж байлаа. Тэр цагаас хойш 43 жил өнгөрсөн байна.

-Хүмүүс хуучны сайхан хувцас, эдлэл хэрэгслээ хэвээр нь хадгалах гэж нандигнадаг. Та яагаад ээжийнхээ пальтог хүрэм болгохоор шийдсэн юм бэ?

Японд “кинцуги” гэдэг урлаг байдаг. Нэг жишээ ярья. Нөхөр нь эхнэрээ хуураад гомдоочихвол тэр хоёр хэзээ ч эргээд хамт амьдрахгүй байж болно. Харин Зэн буддизмын ухаанд япончууд дэлгүүрээс аяга авч хагалаад, түүнийгээ урлаг болгон сэргээж, хамгийн эрхэм зочиндоо цай хийж өгдөг. Үүнийг би сайхан жишээ гэж боддог юм.

-Үзэсгэлэнгээ “Өмсгал” гэж нэрлэсэн нь их содон санагдлаа. Ингэж нэрлэсэн нь ямар учиртай вэ?

-Залуу үе маань дээр үеийн өвөг дээдэс шигээ бүсээ бүслээд, тэнгэр шиг уужим ханцуйтай дээл, газар шигээ тавиу өмдөө өмсөхөө больчихож. Миний 35 жил хувцсаа өөрөө хийж өмссөн туршлагаар бол өмсөөд явахаар амар амгалан, тайван, ямар нэгэн зүйлээс хамгаалагдсан мэт, нөмөр нөлөөтэй, эрчим энерги нь дундаршгүй галтай мэдрэмж төрдөг. “Өмсгал” гэдэг нь өмс/гал буюу өмсгөлөөрөө өөрийгөө хамгаалж, амьдралын эрч хүчийг тээх гэсэн утга санааг илэрхийлнэ.

-Таны үзэсгэлэнг үзэж байхдаа 2000-аад онд хийсэн нэг бүтээлийн тайлбарыг уншлаа. Тэр үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-2000 оны үед би эмийн сангаас нүүрний тос авахаар орсон юм. Тэгтэл нэг хижээл насны хүн “Удалгүй Ар монголчуудыг урд зүгийн хувцсаар булна” гэж утсаар ярьж байсан. Тэр үг ээж хүнд их эмзэг сонсогдсон. Нүүрнийхээ тосыг ч авахгүй гараад, гэртээ ороод их уйлсан. Монгол хүн малгай, дээлгүй, хятадын куртик, саравчтай малгай, үдээстэй гутал өмссөн, Монголоороо танигдахааргүй болсон байна гэхээр аймар санагдсан. Тэгээд энэ хүрмийг “улаан гэхэд час улаан биш, монгол өнгө байх юм болов уу” гэж бодоод хийсэн.

-Таныг үйл урлахад танд хамгийн их урам өгсөн хүн хэн байв?

-Би ихэр. Ихэртээ дээл урлаж өгсөн юм. Дээлээ тайлж тавьчихаад “Сайхан дээл шүү” гэж хэлсэн юм. Тэр үед “Манай Пүүгий ингэж тоож байгаа юм чинь олон хүн харвал бас тооно доо” гэж бодсон. Дараа нь гэр бүлийнхэндээ оёж эхэлсэн. Монголчууд “Олзны 10 нүх” гэж өлзий хээг бэлгэшээдэг. Түүнийг баруун, зүүн мөрөн дээр нь хатгасан.

-Та 35 жилийн хугацаанд үндэсний хувцсаа урлаж, судлахдаа юуг ойлгож авсан бэ?

Сэтгэлээр унаж байсан үе бий. Тэр үед намайг тайвшруулсан нэг зүйл “Юунд уйлна вэ дээ. Бүсээрээ хураачихна шүү дээ” гэсэн бодол байсан. Монгол хүн бүсээ бүсэлчихээр зүрхний хүрд нь нээгддэг юм. Тэгэхээр өөрөөрөө болдог. Хэн нэгнийг дуурайдаггүй.

-Сэтгэлзүйчээр яагаад ажиллая гэж бодсон юм бэ?

-Эмнэлэгт асрагчаар, хожим сэтгэлзүйчээр ажиллахдаа “Хүн яагаад өвддөг юм бол? Өвдөхгүй байх арга байна уу?” гэж бодсон. Хамгийн сүүлд эмнэлэгт ажиллахаар очихдоо, 5 дахь хүүхэд маань гэдсэнд байсан болохоор монгол дээл өмсөөд нууж байсан юм.
3-р эмнэлгийн дарга Батсэрээдэнэ эмчид “Та минь намайг ойлгооч ээ. Би ерөөсөө эмнэлэгт л ажиллах хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө би энд асрагч хийж байсан. Одоо арай өөр өнцгөөс хармаар байна” гэсэн чинь “За миний хүү! Эмч битгий хий. Асрагч битгий хий. Сувилагч битгий хий. Яг өнөөдрийг хүртэл Монголын анагаах ухаанд сэтгэлзүйч гэж байгаагүй юм. Та хамгийн анхных нь болж байна. Гэхдээ нэг тасагт л ажиллана шүү” гэсэн. Тэгээд Уушгины тасагт ажиллуулсан юм.
Хүмүүс намайг Үрлээ гэж таниад, эмч гэж хардаг байлаа. Хамаг өвчнөө надад хэдэн цагаар ч хамаагүй ярина. Тэгснээ маргааш нь “Ёстой нэг сайхан унтлаа” гэдэг байсан.

-Өөр газарт сэтгэлзүйчээр ажиллаж үзэв үү?

-Бага нас маань уран гимнастикаар хичээллэж, бөмбөгтэй, цагаригтай, туузтай өнгөрсөн учраас Спортын төв ордонтой холбоотой байсан. Тэгээд хөнгөн атлетикийн Энхбаатар багш маань намайг Олимпын хороонд сэтгэлзүйчээр оруулж өгсөн. Тэр үед Бадар-Ууган, Сэрдамба гээд олон тамирчинтай сэтгэлзүйчийн хувьд тулж ажилласан.
Тэр үед анхны бэлтгэлийн хувцас гарсан. Өглөө дасгал хийхэд гарынх нь шуу гарчихдаг. “Та нар чинь ямар юм өмсчихсөн юм бэ?” гэж асуухаар “Багш аа, энэ миний бэлтгэлийн хувцас” гэнэ. “Яахаараа гэдэс гараад байдаг юм бэ?” гэж хэлээд, би анх монгол шар өнгийн бэлтгэлийн хувцас оёж өгч байлаа.

Таныг сургуульд явж чадалгүй, эмнэлэгт ажил хийдэг байсан гэдэг?

-Би “Рок Мөнхсайхан, “Хасар” Жагаатай нэг үеийнх. 10-аа төгсөөд Москвад Театрын дээд сургуульд шалгалт өгсөн. Тэнд “17 номерын өрөө” гэж алдартай өрөө байдаг байв. Бүгдийг маань зогсоогоод Оюун гуай “Хүүхдүүд ээ, удахгүй Москвад Театрын дээд сургуульд явахаар болж байна. Энэ дундаас хэд хэдэн хүүхэд буцна” гэж хэлээд намайг дуудаж “Миний хүү! Чиний тархи толгой чинь гэмтсэн юм байна шүү дээ. Хүний нутаг руу явахгүй дээ” гэсэн. Тэгээд би явж чадаагүй.
Хүмүүс “Сургуульдаа орсон уу?” гэж асуухад нь ичнэ. Хэсэг уран гимнастиктаа явж, бэлтгэлээ хийлээ. Тэгсэн хэрнээ уйлна.
Нэг өдөр найз маань “Чи зуныхаа амралтаар ээждээ нэмэр болох гээд 3-р эмнэлэгт асрагч хийдэг байсан юм чинь Доторын тасагт асрагч хийвэл яадаг юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхэд нь “Өө, би хийе, дуртай” гээд орсон. Нэг жил ажиллаад, хавар нь Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр орж байсан юм.

-“Би чамд хайртай” кинонд яаж тоглохоор болсон бэ?

-Хүүхэлдэйн театрт байхад “Жүжигчин Пүрэвмаатай утсаар ярья” гэсэн дуудлага ирсэн. Дүү маань ярьсан юм. “Харш” хамтлагийн дуучин Баасанжав “Та эмнэлэгт ажиллаж байхдаа цагаан халаадтай жижүүрлэдэг байсан. Санаж байна уу?” гэж асуусан. Тэгээд “10 жилийн хүүхдийн киноны проб байна” гэсэн. Алтан-Очир найруулагчаасаа жаахан эмээгээд “Дүү маань утасдаад байна” гэж худлаа хэлээд гарсан. “Ленин” клуб рүү автобусанд сууж очсон. Тэгсэн Туяахүү хүмүүсийг бүртгээд зогсож байсан. “Өөрөө юу нь вэ? Манай сургууль биш” гээд намайг тоож байгаа юм алга. Би “Улсын хүүхэлдэйн театраас явж байгаа юм” гэсэн чинь “Өө тийм үү? Тэгвэл бичээд авна” гээд бичиж авч байсан.

Пробонд тоглох зохиолыг нь өгөхөд нүдэндээ ч итгэсэнгүй. “Хүүхдэдээ эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Золбоо гэж нэр өгнө” гэж Үрлээ хэлэх ёстой байсан. Энэ “Золбоо” гэдэг миний хувьд онцгой. Эмнэлэгт асрагч хийж байхдаа шөнөжин сахиж хоносон хүүгийн нэр. Тэгээд “Анхныхаа хүүхдийг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Золбоо гэдэг нэр өгнө” гэж бодсон. Гэтэл зохиолоо уншаад, тэр нэрийг хараад гайхсан. Хүний амьдрал үлгэр домог мэт санагдсан.

-Та ард түмэндээ хандаж юу хэлмээр байна вэ?

-Би хувцаснаас илүү нэг зүйлийг тээж яваад 10 жил болсон байна. “Өв соёл судлал, зохиомж, урлахуй ухааны хүрээлэн” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Хүний урт удаан амьдрах нууц ерөөсөө л эрүүл зөв хооллолт. Өүлэн эхийн сургаальд байгаль эх дэлхийгээ хайрлах анагаах ухаан шингэсэн байдаг. Үүнийг л дагаж, анагаах ургамлыг л хэрэглээрэй гэж хэлмээр байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *