Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан байгууллагатай болно 


Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт хүний эрхийн төлөөх мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөллүүд, мөн иргэд оролцсон юм.

Монгол Улсад гэрч, хохирогчийн эрх ноцтой зөрчигдөж, мөн хамгаалагдаж чадахгүй байгааг салбарынхан хэлдэг. Тэгвэл бид цаашид гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудал гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр түлхүү ажиглагддаг байна. Тухайлбал: 36 настай эмэгтэй 2025 оны 6-р сарын 27-нд нөхрийнхөө гарт амиа алдсан. Тэр гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3 хүүхэдтэйгээ хамт нөхрөөсөө тусдаа амьдарч байсан удаатай. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж, хамгаалах байранд хүүхдүүдтэйгээ очиж байсан гэдэг.

Эцэст нь нөхрөөсөө салахаар шийдэж, өргөдлөө шүүхэд өгсөн байжээ. Шүүх түүнд “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тул гэрлэлт цуцлах асуудлыг шүүхээр хэлэлцэнэ” гэсэн хариуг өгсөн байв. Гэвч уг асуудлыг шүүх шийдэх гэсээр байтал хохирогч эмэгтэй хүчирхийлэгчийн гарт амиа алдсан юм. Энэ бол Монгол Улс аливаа гэмт хэргийн хохирогчийг хамгаалж чадахгүй байгаагийн тод илрэл гэдгийг ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцоллоо.

Д.Мөнх-Эрдэнэ: Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах бие даасан тогтолцоо хэрэгтэй

“Хамгаалж чадаагүй байтал амь насаараа хохирох тохиолдол олон. Тухайлбал: Хохирогчийг хамгаалж чадаагүйн улмаас олон нийтийг цочроосон хэргүүд бий. Цаашлаад гэрч гэхэд бусдын нөлөөнд автах, хэрэг мөрдөн шалгах явцад гэрч, хохирогчийн баримтыг устгах гэх мэт байдлаар эрх нь зөрчигдөж байдаг.

Ганцхан гэр бүлийн хүчирхийлэл ч биш. Өндөр албан тушаалтан оролцсон хэргүүдийн гэрч гэхэд бусдын нөлөөнд автдаг. Иймд гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах бие даасан тогтолцоо хэрэгтэй.

Ц.Бийбат: Миний хүү бусдад 49 сая төгрөгөө залилуулж, хохирсон дээрээ хохирсон

Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл Ц.Бийбат мөн дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэр “Судалгаагаар нийт гэмт хэргийн 30 орчим хувийг залилах гэмт хэрэг эзэлдэг юм байна. Тэгвэл миний хүү 2-3 жилийн өмнө бусдад 49 сая төгрөгөө залилуулсан. Гэтэл түүнийг залилсан этгээд өнөөдрийг хүртэл хуулийн хариуцлагаа хүлээгээгүй. Миний хүү бусдад 49 сая төгрөгөө залилуулж, хохирсон дээрээ хохирсон. Бусдыг залилж, сэтгэл санаа, эд хөрөнгөөр нь хохироосон этгээдийг сул чөлөөтэй явуулж, өөр хэн нэгийг хохироох боломж олгодог хуультай оронд амьдарч байна.

Хүмүүс “Хэргийг шүүх шударга бус шүүлээ” гэдэг. Гэтэл шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанаас хамааралтай. Учир нь тухайн хэргийг шалгасан мөрдөгч нь иргэний эрх зүйн мэдлэггүйг далимдуулж гэрч, хохирогчийн нотлох баримтыг устгах гэх мэтээр хохироодог. Гэрч, хохирогчийн эрхийг хяналтын прокурор, мөрдөгч гэх субъект хамгийн их зөрчдөг юм гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа” хэмээв.

Энэ мэтчилэн хохирогч гэхэд сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө улам хохирдог хуулийн тогтолцоотой гэдгийг тэр дурдсан юм. Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэхэд санхүүжилт тулгамдсан асуудал болно гэдгийг салбарынхан хэллээ.

Хохирогчийг болон гэр бүлийн гишүүдийг нь хамгаалдаг болно

Хүний эрхийг дээдлэх, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг 7 бүлэг, 63 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулсан төсөлд дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан байна.

Тухайлбал:

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийт 6 субъектийг хамгаалж байсан бол шинээр нийт 16 субъектийг хамгаалах юм. Үүнд, хэргийн оролцогчид, хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч, мөн гэрч, хохирогчийн гэр бүлийн гишүүд багтсан байна. Энэ нь хохирогч дахин хохирохоос сэргийлэх, гэрчийн аюулгүй байдлыг бүрэн хангаснаар нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, хэргийг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас тусгаарлаж, мэргэжлийн дагнасан байгууллага хэрэгжүүлэхээр уг төсөлд тусгаад байна. Ингэснээр иргэд тухайн хэргийг шалгаж буй мөрдөгч, прокуророос хамааралгүйгээр, бие даасан байгууллагад хандаж, хамгаалалт хүсэх боломж нээгдэх юм. Энэ нь шүүгч, прокурор, мөрдөгчийн хараат бус байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ.

Мөн хуулийн төсөлд хамгаалалтын 9 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл, журам, хугацааг тодорхойлсон зохицуулалтыг илүү нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь нууцлалын өндөр зэрэглэлд явагддаг тул уг мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар заажээ.

Статистик мэдээллээс үзэхэд гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Иймд одоогийн тогтолцооны ачааллыг тэнцвэржүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн олон улсын стандартад нийцсэн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.  

Уг хуулийн төсөл батлагдвал Монгол Улс хүний эрхийг хангах чиглэлээр олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг биелүүлж, иргэд шүүхэд итгэх итгэл нэмэгдэн, шүүн таслах ажиллагаа хэвийн, аюулгүй явагдах баталгаа бүрдэнэ гэж үзэж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барих юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *