Ипотекийн зээлээр 5 ба түүнээс дээш тооны орон сууцтай болсон 12 мянган иргэн байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлсэн. Нэг хүн хэрхэн ийм олон орон сууцтай болсон талаар, цаашлаад эдгээр хүнийг зарлахыг олон нийт шаардаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас энэ талаар өнөөдөр сэтгүүлчид уг мэдээллийг тодрууллаа.
Энэ асуудлын талаар ийн мэдээллээ “12 их наядаар 140 мянган өрх орон сууцтай болж. Үүнээс анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан 30 мянган хүн бий. 110 мянган орон сууц авсан иргэд анх удаа эсвэл гэр хорооллоос орон сууцанд шилжсэн иргэд биш. Тэд орон сууцаа томруулсан болон 2, 3 дахь орон сууцаа авсан иргэд. Тиймээс бид энэ тоог нягтлах хэрэгтэй. 2-рт, Оны өмнө УИХ-ын хэлэлцсэн үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой асуудалд Сангийн яамнаас 3 ба түүнээс дээш орон сууц авсан иргэдийн тоо 12 мянга давсныг зарласан. Тэд өөрийн орлогоор орон сууц авсан уу, эсвэл ипотекийн зээл байсан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Ажлын хэсгийг ахалж буй хүмүүсийн дунд 5 байтугай 8 удаа ипотекийн зээлд хамрагдаж, орон сууц авсан иргэн бий.
Иймд Монголбанк, мөн ипотекийн зээл дамжуулж олгосон банкууд тоогоо нэгтгэх хэрэгтэй байна. Би хамгийн сүүлд Ипотекийн корпорацаас 2 ба түүнээс дээш орон сууц авсан 3200 иргэн байгаа гэх мэдээлэл авсан. 12 мянга, 3200 гээд тус бүр нэг тоо хэлж байна. Иймд эдгээр тоог нягтлах шаардлага байгаа юм.
Ипотекийн зээлд хамрагдахын тулд 2-3, түүнээс дээш жилээр ээлжээ хүлээдэг. Энэ зээлд хамрагдах гэж 10-20 сая төгрөгийн авлига өгдөг нь ч нууц биш. Тиймээс ипотекийн зээлийн тогтолцоо зөв үү, буруу юу. Цаашид зорилтот бүлэгт чиглүүлж, ипотекийн зээлийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй. Энэ хүрээнд орон сууцны санхүүжилтийн болон орон сууцны нийлүүлэлтийн тухай хууль өргөн барихаар ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлээр барилгын компаниудыг санхүүжүүлж ирсэн. Ипотекийн зээл гарах тутамд барилгын үнэ өсдөг. Ипотекийн зээлийн эх үүсвэрүүдийг нэмснээр барилгын компаниуд хождог. Ар, өврийн хаалгаар орон сууц авсан хүмүүс ойрын хугацаанд байраа өөр хүн дээр шилжүүлчихгүй л юм бол миний хэлсэн тоо батлагдана. Мөнгө мөртэй. Тиймээс шаардлагатай бол сонсгол хийнэ. Би өөр дээрээ үргэлж гал дууддаг. Энэ удаа мөн ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хөндөж шүгэл үлээлээ.
