АЗЗА компанийн ажилчид Цагаан сараар ажил хаяна гэнэ үү


Цагаан сараар монголчууд Монгол орныхоо 4 зүг, 8 зовхист сүлжилдэн давхиж, аав ээж, ахан дүүстэйгээ золгоно. Машинтай нь машинаараа, явган нь хот хоорондын автобусаараа зорчино. Яг энэ үеэр АЗЗА компаниудын ажилчид ажил хаяж мэдэх нь. Тэд ажил хаявал замын цас, мөсийг хэн цэвэрлэх вэ? Мөсөн гулгуурын талбай шиг болчихсон зам дээр зөрөлдөн давхих машинууд осолдох эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

Монгол Улсын нийт авто замын 15.9 мянган км нь улсын, 96.1 мянган км нь орон нутгийн чанартай. Тусгай зориулалтын 900-гаад км зам бий. Төрийн өмчийн 20 компани улсын чанартай авто замын 9855 км-ыг хариуцдаг. Бусдыг нь хувийн компаниуд арчилдаг. 

Улсын хэмжээнд авто зам засах, арчлах үйл ажиллагаа явуулдаг 29 компани бий. Үүний 20 нь төрийн өмчит, 9 нь хувийн компани. Төрийн өмчит АЗЗА компаниудын  бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор 2023 онд Засгийн газар 220-р тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 108-р тогтоол гаргаж, уг 20 компанийг нэгтгэн, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК байгуулсан юм. Тэр үед төрийн өмчийн 37 компанийг 7 болгож цөөлсөн. Тэрхүү 37 компанийн 20 нь АЗЗА-ынхан байв. 20 компанийг нэгтгэж, 1 компани байгуулснаар маш олон компанийг нэг дор сайн цөөлсөн мэт харагддаг.

2025 онд зам засах, арчлахад зориулан улсын төсөвт 57.5 тэрбум төгрөг тусгажээ. Гэвч улсын төсөвт тодотгол хийхдээ уг мөнгийг 42.5 тэрбум төгрөг болгож, багасгажээ

Энэ компани Архангай, Булган, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий, Ховд, Хөвсгөл аймаг, Хархорин, Эрдэнэсант, Баянчандмань сум, Багануур, Налайх дүүрэгт 20 салбартай. Эдгээрт нийт 800 гаруй  хүн ажилладаг. Нэг салбар дунджаар 30 гаруй ажиллагсадтай. 20 гаруй үйлдвэрт асфальт, бетон, замын тэмдэг гэх мэт зам засах, арчлахад шаардлагатай бүтээгдэхүүнээ бэлтгэн, 500 гаруй машин, механизмаар ажлаа хийдэг ажээ. Тэд хатуу хучилттай 5124 км зам, сайжруулсан шороон 4731 км замыг арчилдаг.

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК 2024 онд 52.6 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Сүүлийн 3 жилд дунджаар 52.7 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Олон улс, улсын чанартай замыг арчлах, засах чиглэлээр жилд дунджаар 32.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Харин бусад орлого, орон нутгийн авто замын засвар арчлалтын 8.2 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Тус компанийн нэг салбар жилд дунджаар 2.6 тэрбумын орлоготой, 420 гаруй сая төгрөгийн цалингийн сантай, 1.7 сая төгрөгийн дундаж цалинтай ажиллаж байна.

Гэвч санхүүжилтээ цаг тухай бүрт нь авч чадахгүй байгаагаас 21 аймгийн АЗЗА салбаруудын санхүүгийн байдал өнгөрсөн жил хүндэрч, ажиллагсдынхаа цалинг олгож чадахгүйд хүрч, татвар, нийгмийн даатгалын санд чамгүй өртэй болжээ. Тэд 2025 оны 11, 12-р сарын цалингаа тавьж чадаагүй байна. Энэ тухайгаа тэд 2026.02.09-нд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд уламжиллаа.

Хэрэв уг хугацаанд хүссэн мөнгийг нь өгөхгүй бол улс орон даяар ажил хаялт зарлахаа илэрхийллээ

Иймд тэд сүүлийн 2 сарын цалин, Нийгмийн даатгалын сангийн өр, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг Цагаар сарын баяраас өмнө өгөхийг сайдаасаа хүсэв. Хэрэв уг хугацаанд хүссэн мөнгийг нь өгөхгүй бол улс орон даяар ажил хаялт зарлахаа илэрхийллээ.

Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн яамнаас Сангийн яаманд яаралтай албан бичиг явуулж, Цагаан сарын баяраас өмнө уг асуудлыг бүрэн шийдвэрлэх үүргийг Зам, тээврийн яамны Автозамын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд нарт Б.Дэлгэрсайхан даалгасан байна.

Тэрээр “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийг ЗТЯ-ны харьяа байгууллага болгох саналаа Засгийн газраар хэлэлцүүлж, дотоодын хүмүүсээр бүрдүүлсэн ТУЗ байгуулж, дүрмээ батлан, санхүүгийн мэдлийг өөрсдөд нь олгож, орон нутагт тендерт оролцох боломжоор хангахаа илэрхийлжээ. Үүнийг “АЗЗА нэгтгэл”-ийн төлөөллүүд дэмжиж, “Зам засах, арчлах ажлын цалин бага. Тоног төхөөрөмж хүрэлцдэггүй. Тийм учраас нэг бодлого, нэгдмэл байр суурьтайгаар ажиллаж, бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэжээ. Ингээд Зам, тээврийн яам, “АЗЗА нэгтгэл” хамтарсан ажлын хэсэг байгуулж, дүрэм журмаа боловсруулж, дахин хэлэлцэхээр болжээ.

Авто зам засах, арчлахад зориулан, улсын төсөвт жилд дунджаар 24 тэрбум төгрөг тусгадаг. Үүнийг төрийн өмчийн 20 компанид хуваан өгдөг байв. Харин одоо “АЗЗА нэгтгэл”-д өгч, тэр нь цааш хуваарилж байгаа. Тус нэгтгэл Зам, тээврийн сайдтай байгуулсан гэрээний дагуу ажилладаг. Үүний зэрэгцээ орон нутгийнхаа тендерт өрсөлдөн, ажил, үйлчилгээг нь гүйцэтгэж, жилдээ нийлээд 13-14 тэрбум төгрөг олдог юм байна. Өмнө нь ингэж ажиллаж болоод байсан атал одоо нэгтгэсний дараа яагаад болохоо байв?

220 км 4 эгнээ Дарханы замыг арчлах зардал бага байна

2025 онд зам засах, арчлахад зориулан улсын төсөвт 57.5 тэрбум төгрөг тусгажээ. Гэвч Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцорч, Г.Занданшатарын ЗГ байгуулагдаад, улсын төсөвт 8-р сард тодотгол хийхдээ уг мөнгийг нь 42.5 тэрбум төгрөг болгож, багасгасан аж. Үүний улмаас “АЗЗА нэгдэл” ТӨХК-ийн 700 гаруй ажилчин 2 сарын цалингаа авч чадаагүй байна. Төсвөөс өгсөн мөнгөөр замаа засаж, цэвэрлээд дууссан байна. Өөрсдөдөө цалин болгож авах мөнгө үлдээгүй тул өнгөрсөн 2 сард цалингүй ажиллаж, дүн өвлийн хүйтнээр хот хоорондын замыг цасгүй байлган, мөсийг хусаж, цасанд боогдсон давааг нээжээ.

“Бидний хийх ажлын төлөвлөгөө төсвийн тодотголоос болж хасагдсан. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай зам хариуцагч компаниуд уулзаад, хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг бичиж “Зам, тээврийн хөгжлийн төвд ирүүлээд байгаа. Үүнд үндэслэн санхүүжилтийг өнөөдрөөс олгоход бэлэн болоод байна. 20 АЗЗА компани улсын болон олон улсын чанартай 14.836 км замыг хариуцан ажилладаг. Зам хариуцагч компаниудын төсөв хасагдсан учир бид төсөвт тааруулан ажиллаж байгаа. Мөн бидний техник хэрэгслийг шинэчлэх шаардлагатай байна. Техник хэрэгсэл хүрэлцээгүй байдаг тул ихэнхдээ түрээсийн техник ашигладаг. Ийм асуудлаас үүдэн бидэнд зам арчлахад хүндрэл гарч байна. Тухайлбал: 220 км 4 эгнээ Дарханы замыг арчлах зардал бага байна. Одоогоор орон нутагт мөс, цастай зам байхгүй” гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Автозам ашиглалтын хэлтсийн ахлах инженер Э.Лхамсүрэн учирлалаа.

20 АЗЗА компанийг нэгтгэхийг Авто замын салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо эсэргүүцэж байлаа. “Орон нутгийн 1 замыг засах зардлаа Улаанбаатарт байгаа компаниар шийдүүлэх гэсээр байтал зам дээрх нүх улам томорч, осол гарах эрсдэл улам нэмэгдэнэ” гэж тэд тайлбарлаж байв. Тэр нь л болоод байх шиг. “АЗЗА нэгтгэл”-ийг хурдхан хувьчлахгүй бол төрийн өмчит компани том, данагар, Улаанбаатараас удирддаг байх тусмаа ажил цалгарддаг, ажилчдаа чирэгдүүлдэг, газар дээрх зовлонг тэнгэрээс харж ойлгохгүй байх явдал энд ч давтагдаж байна бус уу!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *