Монголын ард түмэн “өлсгөлөн” байна


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Сар шинийн баяраас өмнө Ерөнхий сайд сайн мэдээ дуулгана” хэмээн ам алдсан нь олон нийтийн дунд баялгийн сангаас хувь хишиг тараах нь уу гэдэг хүлээлтийг нийгэмд үүсгээд байв. Тэгвэл өчигдөр энэ хүлээлтийн хариу гарч, Засгийн газрын тэргүүн стратегийн орд газруудад олборлолт явуулдаг 4 компанийн олборлолтын өгөөжийн 60 хувийг 2030 онд ард иргэдэд олгох хэлэлцээрийг амжилттай байгууллаа.

Хэдийгээр баялгийн санг мөнгөжүүлж, монголчуудад ирээдүйд үлдэх өгөөж үүсгэж байгаа нь сайн хэрэг боловч өнөө маргаашийн хоногийн хоолоо арай ядан аргацааж байгаа монголчуудад энэ нь шилний цаанаас чихэр долоолгосон үйл явдал боллоо.

Тэгвэл ард түмэн яагаад төр засаг бэлэн мөнгө тараах нь гэсэн хүлээлттэй болсон талаар товч сийрүүлье. 2025 оны Сар шинийн баярын өмнө болон хойно 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараасан. Энэ үеэрээ жил бүр ногдол ашиг тараах мэт ойлголтыг нийгэмд өгсөн байдаг. Өнгөрсөн жил авсан мөнгөө энэ жил ахиад авна гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан цаг үед Засгийн газрын гал тогоо барьдаг сайд нь “Ерөнхий сайдын сайхан мэдээ Сар шинийн баярын өмнө задарна” гэсэн амлалт өгсөн нь бэлэн мөнгө хүлээсэн түмнийг улам ч горьдоосон гэхэд хилсдэхгүй.

Байгалийн баялгаа хөдөлгөж буй төслүүдийн хамгийн томд тооцогдох Оюутолгой ордоос монголчуудын хүртэх ногдол ашиг жил бүр алсарсаар байгаа өнөө үед 2030 оноос хүртэж эхлэх ашиг хаа холын санагдах нь тодорхой билээ. Тэгвэл 2030 оноос иргэдэд ирэх баялгийн сангийн өгөөж цаг хугацаандаа биелнэ гэдэг төр засаг нь тогтворгүй Монгол Улсад баталгаагүй хэлэлцээрүүдийн нэг болж харагдаж байгаа нь нууц биш.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах зарчим оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон. Гэвч монголчуудын байгалийн баялгаасаа үр ашиг шууд хүртсэн жишээ 1072 хувьцааны ногдол ашиг хэдэн удаа тараагдсанаас хэтрээгүй түүхтэй. Өмнө нь ногдол ашгаа бэлэн мөнгөөр авч үзсэнээс өөр өгөөж монголчууд хүртэж үзээгүй гэхэд буруудахгүй.

Тэгээд ч  дарга, сайд нарын хугацаа заасан амлалт бүгд зангууны үлгэр болсон нь олон. Тухайлбал: 2019 оноос нийслэл түгжрэлгүй болно, 2020 оноос улаанбаатарчууд метрогоор зорчино, 2021 оноос дүүжин тээврээр зорчино гэсэн мөрөөдлийн амлалтын аль нь ч өнөөдөр хэрэгжээгүй 2026 онтой золгож байна. Дээр нь Оюутолгой гэх Дэлхийд алдартай уул уурхайн том төслөөс ногдол ашиг хүртэх хугацаа нь алсарсаар ирсэн нь монголчуудыг “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэдэг зарчимтай болгож хүмүүжүүлсэн байдаг.

Ер нь монголчууд бэлэн мөнгөнд дуртайдаа ч биш. Авч байгаа цалин нь амьжиргаандаа хүрэхээ больсноос хойш алга дээш харуулах гэсэн болгоныг амьсгаа даран хүлээхээс ч аргагүй байна. Яг үнэндээ ард түмэн гар хоосон, гэдэс өлсгөлөн байгаа юм.

Хаа байсан 2030 оны газрын баялгийн өгөөж битгий хэл, НӨАТ-ын буцаан олголтын хэд гурван төгрөгөө цаг минутаар хүлээдэг болоод хэдэн жил болж байгааг ноён Гомбожавын Занданшатар анзаарсан болов уу гэдэг нь анхаарал татсан сэдэв болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *