30 дахь удаагаа зохиогдож буй Волейболын Үндэсний Дээд лиг 100 хоног үргэлжилж нэгэн шинэ түүхийг бүтээж, шинэ түүхийн эхлэлийг тавилаа. Гурван сарын турш үргэлжилсэн энэ лиг ямар онцлогтой, өмнөх улирлаас юугаараа ялгаатай болж өнгөрснийг тоймлон хүргэе.
Шинэ аваргууд төрлөө


Энэ улирлын эрэгтэй аварга багаар “Төв Миг Вулвс” клуб шалгарсан. Тэд лигт өрсөлдөж буй эхний жилдээ финалдаад дараагийн жилдээ аварга авсан цөөхөн амжилтын эзэд боллоо. Маш богино хугацаанд ямар хүчтэй баг болсон гэдгээ тэд хоёр улирлын турш хангалттай харууллаа. Эхний улиралд “Мега Старс” багт хожигдож дэд байранд шалгарч гунигийн нулимс унагаж байсан бол энэ улирлын финалд “Алтайн Барс Хилчин” клубийг 4:0-ээр хожиж аваргын баяраа сэтгэл дүүрэн тэмдэглэв. “Төв Миг Вулвс” энэ улирлын эхнээсээ л босоо явсаар хүснэгтийг тэргүүлж, оргилд нь хүрэв. Монгол тоглогчид сайн байхаас гадна импорт тоглогчид асуудалгүй байв. Тийм ч учраас тэд улиралд ердөө 3 хожигдсон. Харин эмэгтэй багийн аваргаар “Минтонет Говь” шалгарлаа. Мөн л лигийн залуу багуудын нэг “Хобби эйс”-ийг финалд ялж аваргын цом өргөв. Энэ багийн онцлох тоглогч нь багийн ахлагч Д.Эрдэнэбулган. Түүний хувьд дээд лигт 20 гаруй жил тоглож байгаа ч анхны аваргын цомоо өргөсөн нь яах аргагүй хүсэн хүлээж байсан хамгийн үнэ цэнтэй аваргын цом болсон нь гарцаагүй.
Лигийн цор ганц 4 удаагийн аварга

Дээд лигт ур чадвар, хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлсэн олон шилдэг тоглогч бий. Тэдгээрээс зайлшгүй онцлох ёстой тоглогч нь Төв Миг Вулвс клубийн багийн ахлагч М.Цэрэнбаатар. Тэр энэ улиралд яах аргагүй шилдгийн шилдэг нь байлаа. Хамгаалагч, холбогч, чөлөөт хамгаалагч гээд бүхий л байрлалд тоглодог олон талт тоглогч хүсвэл өөрөө довтлоод оноо авчих нь. Хүүхэд залуучууд түүнийг л шүтэж волейболын спортоор хичээллэж байна. Түүний хувьд 4 дэх аваргын цомоо өргөсөн. Одоогоор Дээд лигт 4 аваргын цом өргөсөн тоглогч түүнээс өөр байхгүй. Ийм л онцгой хүмүүн энэ улиралд гайхамшиг үзүүлж финалын үнэ цэнтэй тоглогч, улирлын шилдэг холбон тоглогч, лигийн аварга гээд нэг улиралд авч болох бүх шагналыг авлаа. Энэ бүгдийг хүртэхийн тулд түүний дуслуулсан хөлс, хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл, өөртөө зориулсан цаг хугацаа ямар хүнд хэцүү замыг туулж ирснийг энд дурдах нь зүйтэй болов уу. Дараа улиралд дахин нэг гялалзаарай.
Уран гоёмсог М.Уранбаяр

Үндэсний бөхөд хурц, бадрангуй, өсөх, улам нэмэх, үнэн зоригт, үлэмж, төгөлдөр гэж уран шаламгай, сүр золбоотой барилдсан бөхчүүдэд чимэг өгдөг шиг волейболын тамирчинд чимэг өгдөг бол Дархан Могулс багийн тоглогч Уранбаярт уран, гоёмсог, сүр хүчит довтолгоотой М.Уранбаяр гэж чимэг өгөх байлаа. М.Уранбаяр яах аргагүй энэ улиралд уран довтолгоогоороо үзэгч олноо цэнгүүлэн баясгасан билээ. Мөн монгол тоглогч импорт тоглогчдоос дутахааргүй ур чадвартай болсон шүү гэдгийг батлан харуулсан. Тийм ч учраас багтайгаа хамт хүрэл медалийн эзэд болсон юм. Энэ бүгдийг улирлын тоглолтод авсан оноо авалтууд нотолно.
Х.Нэргүй 43 оноо авч шинэ рекорд тогтоов

2026 оны эхний тоглолт Дархан Могулс- Хашхан Өвөрхангай эмэгтэй багийн тоглолтоор эхлэв. 5 ээлжийн ширүүн өрсөлдөөнтэй, гайхалтай тоглолтын эцэст Дархан Могулс ялалт байгуулж улирлын 6 дахь хожлоо авсан. Харин Өвөрхангай Хашхан ялагдал хүлээснээр хүснэгтийн 5-р байрт бичигдэж эхэлсэн. Хоёр багийн тоглолт эхнээсээ дуусан дуустал үзэгчдийг уйдаагаагүй ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болсон. Дархан Могулс эхний хоёр сетэд илүүрхэж өндөр оноо авсан тоглолт үзүүлэв. Хоёр багийн 2-р ээлжийн тоглолт 34-32-ын харьцаатай Дарханы багийн ялалтаар өндөрлөсөн. Улмаар 3,4-р ээлжийн тоглолтод Өвөрхангайн баг хамгаалалт, довтолгоо дээр жигд байж 5 ээлжийн тоглолт гаргаж чадсан. Харин эцсийн мөчид Хашхан өөрсдөө довтолгоогоо алдсанаар 16:14-өөр Дархан Могулс хожсон. Энэ тоглолтод дурдахгүй байхын аргагүй нэг тоглогч нь Хосбаярын Нэргүй байлаа. Түүний хувьд 43 оноо авч онцгойрсон. Тэрээр өмнөх тоглолтод 37 оноо авч гайхалтай тоглолтоо үзүүлж байсан бол шинэ оны эхэнд 43 оноо авч шинэ оныг шинэ рекордтой эхлүүлсэн юм. Үүнээс хойш улирал дуустал түүнээс өөр 43 оноо авсан тоглогч лигийн талбайд алга байна.
Үндэсний дээд лигийн багууд анх удаа аялан тоглолтт хийв
Энэ удаагийн дээд лиг өмнөх улирлуудаас илүү өргөн цаг хүрээтэй болж байгаагаараа онцлог. Өнгөрсөн жил Степпэ арена, Спортын төв ордонд зохиогддог байсан бол энэ жилээс Степпэ арена, Аса арена, Дархан Юнайтед аренад лигийн тоглолтууд зохиогдов. Өмнө хотын төвөөс нисэх рүү явж тоглолт үзэхэд хүндрэлтэй байсан бол үүнийг Аса арена руу ойртуулж шийдэж өгсөн. Мөн хөдөө орон нутгийн иргэд хотод ирж тоглолт үзэх боломж хомс учраас Дархан Юнайтед аренад улирлын тоглолтуудыг зохион байгуулахаар болсон гээд багагүй өөрчлөлтүүд орсон. Энэ утгаараа нэгдүгээр тойргийн тоглолтууд Аса аренад болж өндөрлөсөн бол хоёрдугаар тойргийн тоглолтууд Степпэ аренад болж өндөрлөлөө. Түүнчлэн Бүх одод, Холимог оддын тоглолт гээд дурсамж дүүрэн тоглолтууд боллоо. Энэ улирлын хамгийн эхний аялан тоглолт /2025.12.18/ өдөр Дархан хотын Дархан аренагаас эхэлсэн юм.
Эргэн санавал Дархан хотын “Darkhan United” ордонд Үндэсний Дээд Лигийн 3-р тойргийн нийт 16 тоглолт 12-р сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Зурагтаар гардаг лигийн шилдэг тамирчдыг Дарханы хүүхэд залуус дэргэдээс нь харж, тоглолтыг нь үзэж, шүтэж дэмждэг ах, эгч нартайгаа дурсгалын зураг татуулсан нь аялан тоглолтын нэг онцлог байв. Энэ ч утгаараа аялан тоглолтууд тун ширүүн өрсөлдөөнтэй ордны уур амьсгал ч нүргээн ихтэй болсон. Дарханы залуусын дэмжлэг нүргээн дунд Дархан Могулсын эрэгтэй, эмэгтэй баг хожигдох эрхгүй хүнд хоёр тоглолтыг хийсэн. Дархан Могулс эрэгтэй баг 1 хожил, 1 хожигдолтой 50 хувийн амжилттай аялан тоглолтоо өндөрлүүлсэн бол эмэгтэй баг 100 хувийн амжилттай 2 тоглолтод ялалт байгуулав. Тэд Минтоннеть говь, Уурхайчин багийг 3:2-ын харьцаатай буулган авснаар улирлын 5 дахь хожлоо авч байлаа. Энэ тоглолтод Х.Нэргүй 37 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн. Улирал эхэлснээс хойш эмэгтэй лигт нэг ч тоглогч 37 оноог аваагүй байсан. Тэгвэл Х.Нэргүй 37 оноонд хүрснээр карьерынхаа турш хамгийн өндөр оноог авсан тоглолт болсон юм. Түүний 37 онооны 33 нь довтолгоо, 4 нь хаалт. Энэ олон довтолгоог оновчтой гүйцэтгэхэд багийн бусад тоглогч нар мэдээж чухал нөлөө үзүүлсэн. Дархан Могулсаас Х.Нэргүй зогсоогдошгүй байсан бол түүнтэй хамт Б.Тамираа онцгой байлаа. Түүний хувьд оноо ойрхон чухал үед хүчтэй довтолгоонуудаа оновчтой болгож онооны зөрүүг холдуулж байсан юм. Ийнхүү Дархан Могулс эмэгтэй баг 5 хожил 12 хожигдолтой хүснэгтийн 6-р байранд бичигдэж, эрэгтэй баг 9 хожил 8 хожигдолтой хүснэгтийн 4-р байранд бичигдэж эхэлсэн юм.
“Энержи”-“Мега Старс” баг нэг ээлжийн тоглолтод 76 оноо авав

30 дахь улирлын онцлох нэгэн тоглолт “Энержи”-“Мега Старс” багийн хооронд болсон. Энэ тоглолтоос өөр өндөр оноо авалттай тоглолт улиралд болоогүй. Үе болгоны эхлэлийг “Энержи” сайн хийж байсан ч өндөр оноон дээр төгсгөл хийж чадахгүй байгаад байв. Энэ нь хожигдлын гол шалтгаан байсан гэж хэлж болно. Тухайлбал эхний сетэд олон оноогоор тэргүүлж байсан ч “Мега Старс” бага багаар оноог ойртуулж 24-26-аар чухал хожлыг авсан. Үүний дараа 3-р сетийн тоглолт 32:30-аар “Энержи” багийн ялалтаар өндөрлөж тоглолтын харьцаа 2:1 болсон. 4-р сетийн тоглолт маш тэнцүү өрсөлдөөнтэй болж 37:39-өөр Мегастарс буулгаж авсан юм. Нэг сетийн тоглолтод 40 орчим оноо авсан тохиолдол Монголын Волейболын дээд лигт цөөхөн байдаг. Тэгвэл хоёр баг нийлээд нэг сетийн тоглолтод 76 оноо авсан нь мөн л өндөр үзүүлэлт. Мега Старсаас Андрей Колесник 36 оноо авч гайхалтай тоглолтоо үзүүлж, Мега Старс улирлын дөрөв дэх хожлоо өвч 1-р тойргийг өндөрлүүлж байв.
Мега Старс багийн тоглогч А. Даваажаргал: Маш хүнд тоглолт боллоо. Миний санаж байгаагаар 2017 оны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнээр манай баг Тэнүүн огоог 39-37-гоор хожиж байсан. Өнөөдөр энэ тоон дээр оноо тэнцээд ирэхэд манайх яг энэ дээр л хожно гэж бодсон. Манай хувьд бэртэл гэмтэлтэй, бүрэлдэхүүний хувьд өөрчлөлтүүд орсон. Тэгсэн ч гэсэн бид өдөр бүхэн шат болгоноор ахихыг хичээж байгаа. Тийм учраас нэгдүгээр тойрогт хүснэгтийн 2-р байраар гарсандаа маш их баяртай байна” хэмээн ярьж байсан юм.
Волейболын хатан хаан Ким Ён Гён Монголд ирлээ

БНСУ-ын волейболын алдартнууд болох Ким Ён Гён , Пё Сын Жү нар Монголд ирээд байна. Тэд өнөөдөр Монголын Волейболын Дээд лигийн финалын тоглолтуудыг үзэж сонирхоно. Үүнээс өмнө Үндэсний биеийн тамирын сургуулиар зочилж, хүүхэд залуустай дурсгалын зураг татуулжээ. Тэгвэл “Волейболын хатан хаан” нэрээр алдаршсан Ким Ён Гёны тухай товч мэдээллийг хүргэж байна.
Ким Ён Гён 1988 оны 2-р сарын 26-нд төрсөн. Дэлхийд алдартай, чадварлаг, олон улсын томоохон тэмцээнд өөрийгөө таниулсан Солонгосын волейболын домогт тамирчин юм. Тэр олон улсын лигт өндөр амжилттай, олимпын наадмуудад гялалзсан, клуб болон үндэсний багт том хувь нэмэр оруулсан. Шигшээ багийн түвшинд Лондон 2012, Токио 2020 оны олимпод өрсөлдөж хамгийн их оноо авч байсан туршлагатай лидер тоглогч. 20 гаруй жил мэргэжлийн лигт тоглосноор Ази болон дэлхийн волейболын лидерүүдийн нэг болсон. Өнгөрсөн жил албан ёсоор зодог тайлсан ч волейбол сонирхогчид түүнийг мартаагүй.
Тэрээр 2025 онд “Wonder Dogs” багийг бүрдүүлж, дасгалжуулагчаар ажилласан. Энэ багт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар сонгогдон тоглосон юм. Тэгвэл алдарт тамирчин Ким Ён Гён болон тус улсын шигшээ багийн тоглогч Пю Син Жү нар Монголд анх удаа ирлээ.
Анх удаа эрэгтэй 8, эмэгтэй 8 баг өрсөлдөв
Үндэсний дээд лигийн өмнөх улирлуудад харьцангуй цөөн багууд өрсөлддөг байсан. Энэ жил лигийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж багуудын тоог жигд болгож, тэнцвэржүүлсэн. Мөн хөгжлийн лигт амжилт үзүүлсэн багууд Дээд лигийн улиралд хүснэгтийн доогуур бичигдсэн багуудтай өрсөлдөж дээд лиг рүү дэвших боломжтой болсон. Мөн хасагдах шатны тоглолтууд 5 тоглолтоор, аваргын төлөөх тоглолтууд 7 тоглолтоор шийдэгдэх гээд олон сонирхолтой дүрмийн өөрчлөлтүүд орсон.
Nsports болон PSN5 суваг хамтрав
Үндэсний дээд лигийн бас нэгэн онцлог нь шууд дамжуулалт байв. Анх удаа Дээд лигийн тоглолтыг Nsports болон PSN5 суваг хамтран албан ёсны эрхтэйгээр дуу дүрсний өндөр чанартай, мэргэжлийн тайлбарлагч, хөтлөгчтэй баг бүрэлдэхүүн шууд дамжуулалтын ард ажиллав. Мөн шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр
- DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
- Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
- Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе! уриатай спонсор байгууллагууд хамтран ажиллав.
Дурсамж дүүрэн, түүх дүүрэн онцлох зүйл ихтэй улирал болж өнгөрлөө. Ирэх жилийн улирал даанч хол байна даа.
Волейболын Үндэсний Дээд Лигийн 2025-26 улирлын бэлгэдэлийн шигшээ баг
- Шилдэг довтлогч М.Уранбаяр
- Шилдэг довтлогч М.Жехан
- Шилдэг голын хаагч Д.Мөнх-Оргил
- Шилдэг голын хаагч А.Төр-Эрдэнэ
- Шилдэг холбогч М.Цэрэнбаатар
- Шилдэг диагналын довтлогч Г.Цэнд-Аюуш
- Шилдэг чөлөөт хамгаалагч А.Батсүх
- Шилдэг дасгалжуулагч П.Дел Грекко


Волейболын Үндэсний Дээд Лигийн 2025-26 улирлын бэлгэдэлийн шигшээ баг
- Шилдэг довтлогч Д.Эрдэнэбулган
- Шилдэг довтлогч Т.Хикару
- Шилдэг голын хаагч П.Энххүслэн
- Шилдэг голын хаагч С.Нарангуа
- Шилдэг холбогч Д.Анужин
- Шилдэг диагналын довтлогч Х.Нэргүй
- Шилдэг чөлөөт хамгаалагч М.Манахо
- Шилдэг дасгалжуулагч Р.Тамираа
