Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна


Хоёрдугаар сарын 13 буюу маргаашаас төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа.

Энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Халх голын хөндийгөөр, 16-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

Ихэнх нутгийг хамарсан хүйтний эрч ирэх мягмар гарагаас сулрах төлөв байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *