Хавар ирлээ. Эрчим хүчний сайдад Ерөнхий сайдын өгсөн 30 хоногийн хугацаа ч дууслаа. Дулааны IV цахилгаан станцад үүссэн асуудлыг хэрхэн шийдсэнээ, эрчим хүчний бодлогоо хэрхэн цэгцэлснээ Б.Чойжилсүрэн сайд энэ 7 хоногт Засгийн газарт танилцуулна.
2025 онд төрийн 40 орчим компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллав. Тэдний дийлэнх нь эрчим хүчний компаниуд байна. Манай улсад эрчим хүчний 34 компани бий. Эрчим хүчний яам харьяанд, Б.Чойжилсүрэн сайдын мэдэлд байгаа эдгээр компани бүгд алдагдалтай ажиллажээ. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Тарифыг нь төр хүчээр барьж байгаатай холбоотой. Тиймээс энэ салбар алдагдалтай байхаас аргагүй. Алдагдлыг нь улс төлөөд явж байгаа” гэж тайлбарлалаа.
Алдагдал гэдэг эрчим хүчнийхэнд байдаг л зүйл болон хувирч, үнэ нэмэхгүй бол алдагдалд орохгүй яах юм гэсэн адайр зан гаргадаг боллоо. Үүнийг нь сонссоор хэн хүнгүй дөжирч, үнээ нэмэх юм байна гэж нийтээрээ хүлээн ойлгож, алсуураа зөвшөөрлөө. Хэзээ гэдэг нь л үлдсэн.
2026.01.15-нд 21 аймгийн засаг дарга нар Төрийн орлонд цуглаж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн засаг дарга нар Засгийн газраас дулааны станцаа нэхэв.
Сүхбаатар аймаг нэг хэсэг уурын зуухаа халсан бол өнгөрсөн өвөл 2-3 уурын зуух ажиллуулахаас аргагүйд хүрчээ
Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат “10 аймагт дулааны станц барих төсөл хэрэгжүүлж байсан БНСУ-ын компани дампуурсан. Үүнтэй холбоотойгоор дулааны станцын бүтээн байгуулалтын ажил бүрэн зогссон. Засгийн газраас одоо шинэ тендер зарлах болов уу гэж хүлээж байна” гэв. Сүхбаатар аймаг нэг хэсэг уурын зуухаа халсан бол өнгөрсөн өвөл 2-3 уурын зуух ажиллуулахаас аргагүйд хүрчээ. Одоо 10 МВт-ын дэд станцын хажуугаар уурын 5 зуух ажиллаж байна. Гэсэн ч тус аймгийн урд хэсэг ослын байдалтайгаар энэ өвлийг өнгөрүүлж байна. Тиймээс өнөө жил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар аймагтаа 70 МВт дулааны станцыг барихаар болжээ.
Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун “Халаалт, дулааны үнийг нэмэхгүй 10 гаруй жил болж байгаатай холбоотойгоор орон нутаг дахь халаалтын компаниудын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байна. Үүн дээр шийдэл гаргаж өгөх хэрэгтэй байна. 10 аймагт дулааны станц барих БНСУ-ын компани дампуурлаа зарласан. Уг бүтээн байгуулалт 2024 онд 40 хувьтай гацсан. Станц барих гэж байгаа болохоор аж ахуйн нэгжүүд халаалтын зуухаа шинэчлэхгүй, хүлээлтийн байдалтай байна. Хэрвээ станц барьчихвал үр ашиггүй зардал гарна гээд аймгууд халаалтаа шийдэж чадахгүй байна.
Манай аймаг энэ жил тэрийг харалгүйгээр халаалтын зуухнуудаа шинэчилж, хог шатаан дулаан боловсруулдаг зуух барьж байна. Тэгэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна” гэсэн юм.
Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станц 1 зуухаа бүрэн зогсоож, 1 зуухаараа ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж “Халаалт, дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гарснаар 21 аймагт асуудал үүсэж байна. Дулаан хуваарилах төвүүд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд 8-10 тэрбум төгрөгийн өртэй болчихсон. Дулааны үнэ нэмэхгүй хатуу барьснаас болж, энэ салбарт цаашдаа ажиллах боловсон хүчингүй болж байна. Ахмад настнууд нь тэтгэвэртээ гарч чадахгүй боллоо.
Зээл авч чадахгүй, өр ихтэй байна. Манай аймаг сумдын дулаан хуваарилах төвүүдээ хувийн хэвшил рүү шилжүүлсэн. Зуух, шугамын асуудлыг төрөөр шийдүүлэхгүйгээр өөрсдөө авч явж байна. Гэтэл дулааны үнэ нэмэхгүй болсонтой холбоотойгоор буцааж төрд өгөх асуудлыг хөндөж байна” гэж учирласан.
Орон нутгуудаас Өмнөговь аймаг 500 тэрбум бонд гаргах эрхээ гартаа атгасан. Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станц 1 зуухаа бүрэн зогсоож, 1 зуухаараа ажиллаж байна. Үндсэн тоноглолыг олон жил ашигласан, технологи хоцрогдсон тул өндөр технолгитой техник тоног төхөөрөмжөөр станцаа тоноглох шаардлагатай байгаа гэнэ. Дулаан, цахилгаан хосолсон 50 МВт-ын станцаа хурдан барихыг иргэд нь хүслээ. Учир нь эмнэлэгт өвчтөнүүд, сурагчид сургууль дээрээ даарч өвөлжжээ. Иймд 2026 онд орон нутгийн төсвөөс 18.4 тэрбум төгрөг гаргаж, Даланзадгад сумын ДЦС-д 14 МВт-ын усан халаалтын зуух суурилуулахаар төлөвлөжээ.
Засаг дарга нар ийм зовлон тоочиж, Засгийн газраас шийдэл хүссэн. Тэр шийдлийг нь Эрчим хүчний сайд гаргаж өгөх учиртай.
