Иргэн Б.Л 2023 онд хоёр өрөө орон сууцыг, авто зогсоолтой нь хамт Э.Х-с худалдаж авчээ. Э.Х байраа худалдахдаа “Энэ байрыг барьсан компани 2016 оноос хойш сураггүй болсон. Тиймээс авто зогсоолд өмчлөлийн гэрчилгээ гаргуулах боломжгүй болсон” гэж тайлбарлан, СӨХ-ны тодорхойлолттой хамт авто зогсоолоо хүлээлгэн өгсөн байна.
Б.Л уг байрыг авсны дараа хажуу өрөө хөлсөлсөн хүнд зогсоолоо ашиглахыг зөвшөөрсөн ч тэр хүн ашиглаагүй, харин уг байрны оршин суугч О.Г түүний зогсоолд машинаа өвөлжин тавьсан байв. Үүнийг тэрээр СӨХ-ны даргаас мэдэж, хавар нь О.Г-тэй утсаар ярьж, машинаа авч зогсоол чөлөөлж өгөхийг шаарджээ. Гэтэл өнөөх нь “Энэ зогсоол ямар ч бичиг баримтгүй. Би хүнээс худалдаж авсан” гээд зогсоол чөлөөлж өгөөгүй аж. Иймд өөрийгөө уг авто зогсоолын эзэмшигч мөн гэдгийг тогтоолгохоор Б.Л шүүхэд хандсан байна.
Анхан шатны шүүх “Б.Л нь маргаан бүхий авто зогсоолыг орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр эзэмшилдээ шилжүүлж авсан нь сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт, Э.Х-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж үзээд, уг авто зогсоолыг чөлөөлж, Б.Л-д суллаж өгөхийг О.Г-д даалгажээ.
Үүнийг О.Г эсэргүүцэн, давж заалджээ. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч Б.Л маргаан бүхий авто зогсоолыг иргэн Э.Х-с худалдан авах замаар эзэмшилдээ авсан болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч тул авто зогсоолыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан ч шийдвэрийг нь хэвээр үлджээ.
Гэсэн ч өнөө хүн бас л зогсоолыг нь чөлөөлж өгөхийн оронд УДШ-д гомдол гаргажээ. УДШ энэ оны 2-р сарын 10-нд уг хэргийг хянаад “Хэргийн үйл баримт, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Мөн маргааны талаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ч хэргийн зүйлчлэл зөв гарч чадаагүй. Нэхэмжлэгч нь авто зогсоолын эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан тул шийдвэр, магадлалд Иргэний хуулийн 92.1. “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасныг баримтлан, хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Харин өмнөх 2 шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, уг зогсоол Б.Л-ийн өмч мөн болохыг баталгаажууллаа. Ийн бусдын зогсоол дээр машинаа тавьчхаад суллаж өгөлгүй авахыг санаархсан Г.О-г уг зогсоолоо нэр даруй суллаж өгөх ёстой болов.
