Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 76 нь объектын гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. Тэр дундаа гол нуурын мөсөн дээгүүр зорчиж аюулд орж байгаа тохиолдол цөөнгүй гарах болжээ.
Онцгой байдлын байгууллагад 2026 он гарсаар мөс цөмөрсөн гэх 10 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын 7 нь Хөвсгөл аймагт бүртгэгдэж 2 хүн амиа алдсан байна. Мөс цөмөрсөн дуудлагыг өнгөрсөн 2025 оны мөн энэ үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн мөсөн дээгүүр хар , цагаан хил гарсан байгааг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Хоёрдугаар сарын 11-ний байдлаар монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөс өмнөх арав хоногоос 5-25 сантиметрээр нэмэгдэж, 35-165 сантиметрийн мөсөн бүрхүүлтэй болжээ. Иймд гол нуурын мөс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрэх төлөвтэй байгаа тул иргэдийг цаг хугацаа хэмнэх, зам товчлох нэрийдлээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг санууллаа.
