Мексикт эрэн сурвалжилж байсан, хар тамхины хамгийн том бүлэглэлийн толгойлогч амиа алджээ


Мексикт эрэн сурвалжилж байсан, хар тамхины хамгийн том бүлэглэлийн толгойлогч баривчилгааны үеэр амиа алджээ. Тэрээр Мексик даяар эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байв.

“Эль Менчо” хочит Немесио Осегуэра Сервантес арми болон картелын хооронд болсон буудалцааны үеэр хүнд шархадсан аж. Тэрээр нийслэл Мехико хотод хүргэгдэж ирээд, амьсгал хураасныг Мексикийн Батлан хамгаалах яам өчигдөр мэдээллээ. Түүний удирддаг “Халиско шинэ үеийнхэн” бүлэглэл (CJNG) Мексикийн хамгийн хүчирхэг, хамгийн аюултай хар тамхины картелд тооцогддог аж.

Халиско мужийн баруун төв хэсэгт оршдог Тапалпа хотод болсон буудалцааны үеэр уг картелын дөрвөн гишүүн амиа алдаж, армийн гурван алба хаагч гэмтжээ.

“Халиско шинэ үеийнхэн” бүлэглэл толгойлогчоо алдсан тул өчигдөр Мексикийн найман мужийн хууль хүчний байгууллагад халдаж, автомашинуудыг галдан шатаах, гудамж талбайг хаах зэргээр хариугаа авсан байна.

Өдгөө 59 настай “Эль Менчо” буюу Немесио Осегуэра Сервантес цагдаагийн офицер байжээ. Түүний удирддаг бүлэглэл АНУ руу их хэмжээний кокаин, метамфетамин, фентанил зэрэг хар тамхи хууль бусаар нэвтрүүлдэг асар том гэмт хэргийн байгууллага юм.

Мексикийн аюулаас хамгаалах албаныхан Эль Менчог баривчлахад тусалбал $15 саяын шагнал өгөхөөр амласан байжээ. Харин өчигдрийн ажиллагааг Мексикийн армийн тусгай хүчнийхэн төлөвлөж, гүйцэтгэсэн байна. Мөн агаарын хүчнийхэн оролцсон гэж тус улсын Батлан хамгаалах яамны сайд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *