Ажиллуулж чаддаггүй, хувьчилж зүрхэлдэггүй компаниуд


Төр зарим өмчөө худалдахаар үе үе жагсаалт гаргаж, мөнгөтэй хүмүүсийн арааны шүлсийг гоожуулж, нам дагасан нөхдийн ясыг хавталзуулдаг уламжлал энэ удаад давтагдаж байна. 2010-2012 онд 11 компанийг хувьчлахаар жагсаалт гаргасан ч чадаагүй.  

  1. Багануур,
  2. Дулааны III цахилгаан станц,
  3. “Эрдэнэт” үйлдвэр,
  4. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ,
  5. Авто-Импекс,
  6. Монголын цахилгаан холбоо,
  7. Дарханы төмөрлөгийн үйлдвэр,
  8. Диспетчерийн үндэсний төв,
  9. Монголын төмөр зам,
  10. Шивээ-Овоо,
  11. Хөдөө аж ахуйн бирж

2015-2016 онд 15 аж ахуйн нэгж жагсаагаад, дөнгөсөнгүй. 2022-2023 онд 25 хуулийн этгээд жагсаасан ч бас л барсангүй.

2022-2023 онд аж ахуйн нэгжүүд:

  1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК​;
  2. “Монголын цахилгаан холбоо” ХК​;
  3. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК;​
  4. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​;
  5. “Үндэсний давхар даатгал” ХК​;
  6. “Баянчандмань-АЗЗА” ТӨХК​;
  7. “Налайх-АЗЗА” ТӨХК​;
  8. “Архангай-АЗЗА” ТӨХК;​
  9. “Багануур-АЗЗА” ТӨХК;​
  10. “Булган-АЗЗА” ТӨХК;​
  11. “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК; ​
  12. “Дархан-АЗЗА” ТӨХК​;
  13. “Дорноговь-АЗЗА” ТӨХК;  ​
  14. “Завхан-АЗЗА” ТӨХК​;
  15. “Орхон-АЗЗА” ТӨХК​;
  16. “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК​;
  17. “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК;​
  18. “Талын зам” ТӨХК;
  19. “Төв-АЗЗА” ТӨХК​;
  20. “Увс-АЗЗА” ТӨХК; ​
  21. “Харгуй” ТӨХК​;
  22. “Хархорин-АЗЗА” ТӨХК;  ​
  23. “Ховд-АЗЗА” ТӨХК​;
  24. “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК​;
  25. “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК​.

1-1.5 тэрбум төгрөгийн активтай 20 жижиг компанийн хувьцааг сонирхох худалдан авагч олдохгүй байх эрсдэлтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56.5-д “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заажээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэсэн байна.

Нэг этгээд дангаараа, эсвэл нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн 5%-иас илүү хувьцааг авах боломжгүй. Тиймээс Засгийн Газар АЗЗА-ын компаниудыг нэгтгэж, 1 компани болгосны дараа хувьчлахаар төлөвлөсөн юм. Хэрвээ төрийн өмчийн 20 компанийг 1 толгой компанийн доор нэгтгэвэл, 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болох юм. Үүний 34%-ийг авах сонирхогч олдох магадлал өндөр гэж ТӨБЗГ үзжээ. Үүний дагуу Засгийн Газар 2023.06.07-нд “Авто замын засвар, арчлалтын компаниудыг өөрчлөн зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” 220 дугаар тогтоол гарган, АЗЗА-ын компаниудыг нэгтгэж, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгосон юм.

Ингэснээр УИХ-ын 2022.04.29-ний “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” 6 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, хувьчлах компанийн тоог 18 болгоод байна. “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар 2025.12.15-нд хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлсэн.

  1. “Монголын цахилгаан холбоо” ХК;
  2. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;
  3. “Үндэсний давхар даатгал” ХК;
  4. “Монголын хөрөнгийн бирж” ХК;
  5. “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;
  6. “Шивээ-Овоо” ХК;
  7. “Багануур” ХК;
  8. “МИАТ” ТӨХК;
  9. “Төрийн банк” ХК;
  10. “Эрдэнэс Тавантолгой” ХК;
  11. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
  12. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
  13. “Дулааны III цахилгаан станц” ХК;
  14. “Дулааны IV цахилгаан станц” ХК;
  15. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
  16. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
  17. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
  18. “Амгалан дулааны станц” ТӨХК

2022-2023 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад байсан Монголын цахилгаан холбоо, Хөрөнгийн бирж, Үндэсний давхар даатгал гэсэн 3 компани хамгийн сүүлчийн жагсаалтад багтсан бол АЗЗА компаниудыг хасжээ. Хувьчилж зүрхэлдэггүй, ашигтай ажиллуулж чаддаггүй АЗЗА-ын компаниудаа энэ удаад төр авч үлдэв. 2010-2012 онд хувьчлах байсан “Багануур”, “Шивээ-Овоо”, Хөдөө аж ахуйн бирж, Үндэсний давхар даатгалыг энэ удаагийн жагсаалтад багтаажээ.

Одоо хувьчлах компаниудын жагсаалтад эрчим хүчний компаниуд олон байгаа нь тун онцлог. Өмнө нь “ДЦС III”, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээг хувьчлах гэж байсан бол энэ удаад УБЦТС-г хасаж, эрчим хүчний 6 компанийг оруулж ирлээ. Эрчим хүчний компаниудыг нүүрсний уурхайтай нь хувьчлах гэж байгаа нь бас онцлог. Хувьчлах компаниудын жагсаалтыг харвал Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс критикал минералс” олны анхаарлыг хамгийн их татаж байна. Эдгээр компанийн хувьцааг авах гэсэн захиалга Хөрөнгийн биржид хамгийн олон ирэх болов уу.

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын төрийн мэдлийн 10-66%-ийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох юм. Үүнээс 8 компанийн хувьцааг бүхэлд нь худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нийт хувьцааны 94.7% буюу 24.499.287 ширхэг хувьцааг Засгийн газар, 5.3% буюу 1.370.989 ширхэг хувьцааг Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг. Одоо төр тус компанийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй арилжиж, төрийн эзэмшлийг 51%-иас багагүй болгоно.

Хувьчилж зүрхэлдэггүй, ашигтай ажиллуулж чаддаггүй АЗЗА-ын компаниудаа энэ удаад төр авч үлдэв

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн бүх хувьцааг 100% ХХААХҮЯ эзэмшдэг. Үүнийг ХК хэлбэрт шилжүүлэн, энгийн хувьцааны 66%-ийг нь биржээр олон нийтэд нээлттэй арилжина. Ингэснээр тус компанийн 66% нь хувийнх, 34% нь төрийнх болох юм.

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдан, төр 66%-иа авч үлдэнэ. “Монголын хөрөнгийн бирж” ХК нийт хувьцааныхаа 34%-ийг 2022.12.26-наас арилжиж эхэлсэн юм. Одоо үүн дээр төр нэмж, 15%-иа биржээр нээлттэй зарна. Үүний дараа тус компани дахь төрийн эзэмшлийн хувь 51% болж багасна.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73%-ийг “Эрдэнэс Монгол” нэгдэл, 26.94%-ийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Одоо “Эрдэнэс Монгол” нэгдлийн 73%-иас 10%-ийг нь биржээр нэмж олон нийтэд нээлттэй арилжина. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 63%-ийг “Эрдэнэс Монгол” нэгдэл эзэмшдэг болох юм.

 “МИАТ” ХК-ийн энгийн хувьцааны 10%-ийг эхний шатанд стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөжээ. Дараагийн шатанд 34%-ийг нь нэмж гарган, олон улсын биржээр нээлттэй худалдах нь.

Эрчим хүчний 6 компанийн энгийн хувьцааны 34%-ийг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдана

“Төрийн банк” ХК 2022.09.30-наас эхлэн нийт хувьцааныхаа 5%-ийг олон нийтэд санал болгож эхэлсэн. Одоо тус компанийн энгийн хувьцааны 49.27%-ийг төр авч үлдээд, бусдыг нь зарах гэж байна.

Хадгаламжийн даатгалын корпорац бол 2013.06.14-нд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн хүрээнд төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд. Иргэд, хуулийн этгээдийн банкин дахь мөнгийг даатгах үйл ажиллагаа явуулдаг энэ компанийн 45.03%-ийг Хөрөнгийн биржээр нээлттэй худалдах юм байна.

Эрчим хүчний 6 компанийн энгийн хувьцааны 34%-ийг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдана. Үүгээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг Эрчим хүчний зохицуулах хорооноос салгаж, бие даасан хуулийн этгээд болгохоор зорьж байна.

Энэ хувьчлалын дараа төрийн өмчит компани, үйлдвэрийн газар 72 болж цөөрөх ёстой. Эрчим хүчний компаниудын хувьцааг хэр амжилттай зарахаас энэ нь хамаарна гэж ТӨБЗГ-ынхан үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *