Мексик даяар өрнөж буй үймээнийг зогсоохын тулд олон мянган цэрэг дайчилжээ


Мексикт эрэн сурвалжлагдаж байсан, хар тамхины хамгийн том бүлэглэлийн толгойлогч Эль Менчо 2-р сарын 22-ны ням гарагт болсон баривчилгааны үеэр амиа алдсан билээ. Толгойлогч нь амиа алдсаны дараа “Халиско шинэ үеийнхэн” бүлэглэл улс даяар олон мужид машинуудыг шатаан, авто замуудыг хааж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тус улс даяар өрнөж буй үймээн самууныг зогсоохын тулд Засгийн газар өчигдөр олон мянган цэрэг дайчилсан гэж Мексикийн Аюулгүй байдлын сайд мэдээллээ.

Мексикийн Аюулгүй байдлын яамны нарийн бичгийн дарга Рикардо Тревилла “Засгийн газар ням гарагт орон даяар 9500 цэрэг дайчилсан бол даваа гарагт 2500 цэргийг Мексикийн баруун хэсгийн бүс рүү явуулсан” гэж мэдэгдсэн байна. Ням гарагт “Халиско шинэ үеийнхэн” бүлэглэлийн толгойлогч “Эль Менчо” хочит Немесио Осегуэра Сервантес амиа алдсаны дараа Мексикийн 20 мужид эрх замбараагүй байдал, үймээн самуун дэгдсэн юм.

“Халиско шинэ үеийнхэн” бүлэглэл нь тус улсын хамгийн том, аюултай гэмт хэргийн бүлэглэлийн нэг. Тэдний толгойлогч Эль Менчо Мексик даяар хамгийн их эрэн сурвалжлагдсан хүн байв.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *