Балба улсад 2-р сарын 23-нд автобус осолдсоны улмаас 19 хүн амиа алдаж, 25 хүн гэмтжээ. Жуулчдыг тээвэрлэж явсан автобус даваа гаргийн үүрээр Балбын нийслэл Катманду хот руу явж байхдаа хяналтаа алдаж, 200 метрийн өндрөөс Тришүли голын эрэг рүү унаж, осолдсон байна.
Тухайн автобусанд жолоочтой нийлээд 44 хүн явж байжээ. Тэднээс 19 хүн амиа алдсан байна. Үүний дотор Их Британи, Хятад, Энэтхэгийн тус бүр 1 иргэн байв.
Балбын эрх баригчид 5 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг гаргаж, уг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Харин Их Британийн Гадаад хэргийн яам тус ослоор амиа алдсан англи иргэний ар гэрийнхэнд тусалж байгаа гэж мэдэгдсэн байна. Амиа алдсан 19 хүний 17 нь газар дээрээ нас барсан бол 2 нь эмнэлгийн тусламж авч байх үедээ шархаа даалгүй амиа алдсан гэж Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абинараяан Кафль мэдэгдэв.
Балба улсад авто замын чанар муу, уулархаг газар зам нь нарийхан байдгаас үүдэн иймэрхүү ослууд их гардаг гэнэ.
Эх сурвалж: BBC
