Завхан аймгийн Улиастай сумын нутгаар урсах Богдын голын усны түвшин буурсны улмаас хөлдөөгүй үлдсэн хэсгүүдэд загас бөөгнөрч, хүчилтөрөгчийн дутагдалд орох, хөлдөх зэргээр бөөн бөөнөөрөө үхжээ. Загаснуудыг аврах зорилгоор тус аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, 30 гаруй иргэн хамтран, Богдын голын хөлдөөгүй хэсэгт бөөгнөрсөн загаснуудыг нүүлгэн шилжүүлж, Чигэстэй голын харзанд аваачиж тавилаа.

Завханы сахалт эрээлж, Монгол хадран гэх хоёр зүйлийн загас уг голд байдаг аж. Завханы сахалт эрээлж мах муутай тул агнуурын зориулалтгүй, 18 см хүртэл урттай, усны ёроолын шавжаар хооллодог жижиг загас юм байна. Хүйтэн устай, урсгал ихтэй, чулуу болон хайрган ёроолтой голд амьдардаг. Богдын голд тархсан энэ загасыг бүрэн судлаагүй тул хамгаалах статус нь “Бүс нутгийн хэмжээнд үнэлэх боломжгүй” гэж тооцогддог.

Монгол хадран бол цэнгэг, хүйтэн устай гол, нууранд амьдардаг. Монгол орны унаган загас. Мөстлөгийн үед амьдарч байгаад, усталгүй тэсэж үлдсэн гайхамшигтай загас юм. Манай орны баруун бүсийн гол, нууруудад тархсан энэ загас Завханы Чигэстэй, Богд, Яруу, Завхан голд бий. Усны ёроолын шавж, ургамал, жижиг загасаар хооллодог. Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд “Эмзэг” гэсэн ангилалд бүртгэжээ. Монгол Улсын “Улаан ном”-д орсон ховор, хамгаалах шаардлагатай загас ажээ.

