АНУ-ын шахалтад орсон Куба улсад Канад туслалцаа үзүүлэхээр болжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Куба улс руу орох газрын тосыг бүрэн хязгаарласны улмаас Кубад сүүлийн үед шатахуун, эрчим хүчний хомсдол үүсэж байгаа билээ. Куба улс өөрсдийн холбоотон Венесуэл улсаас ч газрын тос оруулж ирэх боломжгүй болсон байна.

Тэгвэл Канад улс Кубад туслалцаа үзүүлэхээр болсноо өчигдөр зарлажээ. Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд “Бид Кубад туслах төлөвлөгөө гаргаж байгаа. Гэхдээ ямар туслалцаа үзүүлэх талаар ямар нэг мэдэгдэл хийхэд хараахан бэлэн биш байна” гэж мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт АНУ коммунист дэглэмтэй Куба улс болон Канад улсын эсрэг шахалт үзүүлэх кампанит ажил өрнүүлж эхэлсэн юм.

“Хэрэв Куба улсын эрчим хүчний хэрэгцээг хангахгүй бол хүмүүнлэгийн гамшиг үүсэх эрсдэлтэй” гэж НҮБ анхааруулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Канад улс Куба дахь нөхцөл байдлыг ажиглаж, тэнд “Хүмүүнлэгийн гамшиг тохиох эрсдэл ихсэж байгаад санаа зовж байна” хэмээн мэдэгдэж байв.

АНУ-ын арми өнгөрсөн 1-р сарын эхээр Венесуэл улс руу халдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог нь баривчилсны дараа Трамп “Куба улсад арга хэмжээ авна” хэмээн ахин дахин сүрдүүлж байв. Мөн Канад улс Хятадтай арилжааны хэлэлцээр хийснээс хойш АНУ-Канадын харилцаа хурцдаж, Трамп “Канадад өндөр татвар ногдуулна” хэмээн сүрдүүлж байлаа. АНУ-Канадын харилцаа хурцадмал байгаа энэ үед Канад улс Кубад туслалцаа үзүүлэхээр болсон нь АНУ-Канадын харилцааг бүр ч хурцатгах шийдвэр болж байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *