Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Монгол-Алтайн нурууны тусгай хамгаалалтай газар нутгаас иргэн Т хүрэн баавгай хууль бусаар агнасныг цагдаагийн байгууллага энэ оны 1-р сард илрүүлжээ. БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр хүрэн баавгай 12.450.000 төгрөгийн үнэтэй. Гэхдээ амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 нугалдаг. Тэгэхээр Т 24.9 сая төгрөгийн хохирол төлнө гэсэн үг. Үүн дээрээ нэмээд хийсэн хэрэгтээ тохирох ял авна.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, 2-8 жил хорих ял шийтгэдэг юм байна.
