Германы Канцлер Фридрих Мерц арилжааны үнийг тэнцвэржүүлэх хэлэлцээр хийх зорилгоор БНХАУ-д айлчиллаа. Өнгөрсөн жил Хятадаас Герман руу импортоор орж ирсэн бараанууд Германаас Хятад руу экспортолсон бараанаас хоёр дахин их байсан гэж холбооны статистикт дурджээ.
Германы Канцлер Фридрих Мерц Хятадад айлчлахаасаа өмнө “Бид Хятадтай тэнцвэртэй, үр дүнтэй, зохицуулалт сайтай, шударга харилцаа тогтоомоор байна” гэж мэдэгдсэн байна. Фридрих Мерц мөн Хятадыг Оростой тогтоосон холбоогоо ашиглан, Украин дахь дайныг дуусгахад туслахаар ятгаж магадгүй байна.
Трамп худалдааны дайн зарлаж, Дэлхийн бүх оронд өндөр татвар ногдуулсан 2025 онд БНХАУ Германы хамгийн том арилжааны түнш болжээ. Энэ үзүүлэлтийн цаана Европын Холбооны хамгийн том эдийн засагтай Герман оронд сөргөөр нөлөөлөх тэнцвэргүй үр дүн нуугдаж байв.
2025 онд Хятадаас Герман руу 170.6 тэрбум евро буюу 200.9 тэрбум ам.доллар бүхий бараа импортоор оруулж ирсэн нь жилийн дунджаас 8.8%-иар өссөн үзүүлэлт болсон бол Германаас Хятад руу 81.3 тэрбум еврогийн бараа экспортолсон нь жилийн дунджаас 9.7%-иар буурсан үзүүлэлт юм.
Хятадтай холбоотой арилжааны харилцаа “Германы аж үйлдвэрийн цөмд, ялангуяа автомашин, механизм, химийн салбарт сөргөөр нөлөөлж байна” гэж Германы Эдийн засгийн хүрээлэнгийн Юрген Маттес анхааруулжээ.
БНХАУ-ын тал өмнө нь өөрсдийн татаасын бодлогоо ил тод байдаг бөгөөд олон улсын худалдааны дүрэм журамтай бүрэн нийцдэг хэмээн мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC
