2014 оноос хойш “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ удаад “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг гуравдугаар сарын 1-нээс е-mongolia системээр дамжуулан цахимаар зохион байгуулах юм. Өнгөрсөн жил 4000 орчим оюутан цэрэг хөтөлбөрт бүртгүүлжээ. Үүнээс квотын дагуу 1500 оюутныг хөтөлбөрт хамруулсан байна. Жил ирэх бүр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн квотыг нэмэгдүүлж байгаа аж. Энэ хүрээнд 2000 оюутныг хөтөлбөрт хамруулах юм. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын дунд шамбарам, нүд, шүд зүрхний өвчлөл түгээмэл байдаг байна.
Иймд энэ жилээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргүүдийг Цэргийн төв эмнэлэгтэй хамтран эрүүлжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар болсон талаар “Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч Г.Мягмаржав дурдлаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд нэн түрүүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Залуучуудын дунд суудлын өвчин гэгдэх шамбарам түгээмэл байна. Мөн нүд, шүд, зүрхний өвчлөл бий. Иймд энэ хугацаанд Цэргийн төв эмнэлэгт үзлэгт хамруулж эрүүлжүүлэх тал дээр онцгой анхаарна” гэлээ.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахад,
• Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;
• Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх; • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;
• Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг шаардлага тавигдах юм.
Мөн коллежийн оюутнуудыг хөтөлбөр хамруулах нь нээлттэй хэвээр байна. Өмнөх жилүүдэд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд 11 мэргэжлээр оюутнуудыг мэргэшүүлж байсан бол энэ удаад 13 мэргэжил болгон нэмжээ. Ингэхдээ инженер болон математикийн багш гэх мэт мэргэжлээр суралцаж буй оюутныг мэргэжлийн чиглэлээр нь цэргийн бага мэргэжил эзэмшүүлэхээр зорьж байна.
