Хүүхдийн хоол үйлдвэрлэл шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвөөс Үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхэд эцэг эхээс дэмжлэг авах тухай саналыг Боловсролын яаманд гаргажээ. Бага ангийн хүүхдүүдийн дунд “Үдийн хоол” хөтөлбөрөөр 610 калорийн илчлэгийг авах ёстой аж. 2023 онд хийсэн Үндэсний 5-р судалгаагаар 6-18 насны дунд гурван хүүхэд тутмын нэг нь таргалалттай, хүнс тэжээлийн дутагдалтай гэж гарчээ.
Мөн хүүхэд гэрийн болон үдийн хоолноос шим тэжээлээ авч чадахгүй буюу тэнцвэрт байдал алдагдсан гэж дүгнэж буй. Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд олон улсын жишгийн дагуу үдийн хоолонд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал хэмээн үзэж, Боловсролын яаманд саналаа хүргүүлэхээр ажиллаж байна. Дунджаар үдийн хоолны зардалд эцэг эхээс 1000-1500 төгрөг авч, 4000 төгрөг болгоход үдийн хоолоор 35 хувийн шим тэжээлийг хангалттай авна гэж тооцоолжээ. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах хууль 2019 онд батлагджээ. Хуулийн төслийн хүрээнд 2023 оноос эхлэн дунд ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор хангана гэж заасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа аж.
Хүний хоёрдах эрчимтэй өсөлт нь 12-14 насандаа тохиодог байна. Энэ үедээ хүүхэд өлсөж, шим тэжээлээ хоол хүнснээс авч чадахгүйгээс буруу хооллолттой болж байгаа тул өсөлтөд сөргөөр нөлөөлдөг байна. Иймд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
