ДЭМБ 1-р сарын 28-нд Энэтхэг улсад нипах вирусээр 2 хүн өвчилсөн нь батлагдсан талаар мэдээлсэн. Нипах бол жимсний сарьсан багваахайгаас гаралтай, амьтнаас хүнд дамжих боломжтой халдварт өвчин аж. Сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс ялангуяа дал модны түүхий шүүс, халдварласан амьтан, мөн хүнээс хүнд дамждаг байна. Хүний хувьд шинж тэмдэггүй байхаас эхлээд амьсгалын хүнд өвчин, тархины үрэвсэл үүсгэх эрсдэлтэйг ДЭМБ сануулсан. Одоогоор вакцин, тусгай эмчилгээ байхгүй. Энэтхэг, Бангладеш зэрэг улсад нутагшмал байдлаар бүртгэгдэж байгаа юм.
ДЭМБ-ын үнэлгээгээр олон улсад тархах эрсдэл бага. Аялал, худалдаанд хязгаарлалт шаардлагагүй гэж үзсэн. Гэсэн хэдий ч учирч болох эрсдэлээс сэргийлж, Гаалийн ерөнхий газар Хөшигийн хөндийд онгоц буух бүрд зорчигчийн биеийн халууныг хэмжих байна. Мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд Энэтхэг улсад зорчсон 83 хүнээс эрүүл мэндийг нь тандах асуумж авчээ. Тэднээс одоогоор халдварын сэжиг илрээгүй байна. Гаалийн байгууллагаас үргэлжлүүлэн тандалтыг чангатгаж, тус улсад зорчсон, аялсан, дамжин ирсэн иргэдээс эрүүл мэндийн тандалт судалгаа авч, бэлэн байдлыг хангаж байна.
