УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт нь хулгайч орсонтой холбоотойгоор цахим орчинд байр сууриа илэрхийлэхдээ ёс бус хараалын үг хэллэг ашигласан нь олны шүүмжлэлийг дагуулав. Үүнээс улбаалан намын жагсаалтаар нэр дэвшдэг байдлаа эргэн харах шаардлагатай талаар нийгмийн зарим хэсэг нь байр сууриа илэрхийлж эхэлсэн.
Тэгвэл М.Нарантуяа-Нарагийн харьяалагддаг ИЗНН-ын дарга Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татдаг байх хуулийн төсөл боловсруулсан бөгөөд ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл намынхаа бодлогын эсрэг ажилласан жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах аж. Уг жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөлтэй холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Бид хуульдаа нэг зүйл дутуу орхисон гэж харж байна. 126 гишүүнтэй холимог тогтолцоо бидний хувьд шинэ хуулийн заалт. Энэ хуулийнхаа дагуу УИХ бүрэлдэн тогтсон. Магадгүй жагсаалтын залуу гишүүд рүү нэлээн дайраад байх шиг байна.
Нэг талаасаа тодорхой хэмжээгээр залуу судлаачдаа оруулж ирэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 76 тойрогтой, ардаа татлаа түлхээтэй хүмүүс төсвөө тохируулж тойрог руугаа татдаг. Бидний гоочлоод байгаа 48 гишүүн ямар нэгэн татлаа түтлээ байхгүй. Намынхаа бодлогоор орж ирээд улс орныхоо том асуудал руу анхаарлаа хандуулдаг гишүүд. Өнөөдөр эрчим хүчтэй холбоотой асуудал өндөр түвшинд гарч ирсэн нь энэ гишүүдийн ач. Энэ холимог тогтолцоо цаашид улам хүчин төгөлдөржинө. Жагсаалтаар орж ирэх нь илүү мэргэшсэн гишүүд болох тогтолцоо руу ёстой. Тэгэхээр бидний явж буй зам зөв. Гэхдээ жагсаалтаар нам нь оруулж ирж байгаа бол нам нь хариуцлага тооцох тогтолцоотой байх нь зүйтэй байх.

АН-ын дарга асан Л.Гантөмөр: Намын квотоор гишүүн нэг л удаа сонгогдох учиртай. Улстөрийн нам сонгогдсон намын гишүүнээ намын бодлого шийдвэрээр эргүүлэн татна гэдэг асар буруу. Жишээлбэл, манай Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн зарим нь хамтарсан засгийн үед жагсаалтын гишүүдийг эсэргүүцэж байсан. Би үүнийг, энэ гишүүдийн бүрэн эрхийг хүндэтгэж байна. Тэр хүн намаа төлөөлөөд, намын мандат аваад орж ирсэн. Тийм учраас ард түмний сонголтод халдах нь буруу. Ард түмэн тэр намд итгээд саналаа өгсөн. Нам нь хүмүүсээ дэвшүүлсэн. Жагсаалтаар орсон хүн намын бодлоготой зөрсөн гэх нэрийдлээр жагсаалтаас татаад, арын хүнийг оруулна гэдэг буруу гэж би хувьдаа үзэж байна.
Жагсаалтаар сонгогдсон гишүүдээр намын бодлого хэрэгжүүлэх арга ухаанаа олмоор юм билээ. Үг, үйлдэлдээ анхаарахгүй алдаа гаргаж буй гишүүдэд улстөрийн намын удирдлага сануулга өгөх нь зөв. Парламентын ёс, дүрмийг гишүүн болохоосоо өмнө мэдмээр юм. Тухайлбал, казино тоглох, зодоон хийх, архи согтуурах ундаанаас татгалзах гэх мэтчилэн ёс зүйн дүрэмтэй.

Шадар сайд Т.Доржханд: Монголын парламент хөгжөөд явъя гэвэл намуудын хөгжил чухал. Жагсаалтын зарим гишүүн намын бодлого сөрөөд байна. Парламент гэдэг бол намуудын засаглал. Хувь хүнийх биш. Тийм учраас намын бодлого сөрсөн тохиолдолд хариуцлага тооцдог механизм байх ёстой. Манайд тийм механизм алга. Харамсалтай нь жагсаалтын, бодлого ярих ёстой гишүүд олон нийтэд таалагдах байдлаар инститүцийн эсрэг ажиллах юм бол хариуцлага тооцож, татдаг байх нь зөв. Ингэснээр нам, инститүц чадавхжиж шинэчлэгдээд явдаг. Парламент ч хүлээн зөвшөөрөгдөнө.
