Мексикийн Ерөнхийлөгчийн тушаалаар тусгай хүчнийхэн Мексикт хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан, хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Менчог 2-р сарын 22-ны ням гарагт баривчилсан. Түүнийг баривчлах үед болсон буудалцааны үеэр Эль Менчо шархдаж, шархаа даалгүй амиа алдсан аж.
Эль Менчог нас барсны дараа түүний удирддаг байсан “Халиско шинэ үеийнхэн” бүлэглэл Мексикийн 20 мужид автомашинуудыг шатаан, зам дээр тавьж, авто замын хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Мексикийн олон муж үймээн самуунд автсан энэ үед Эль Менчогийн “Халиско шинэ үеийнхэн” бүлэглэлээс гадна “Синалоа” гэх өөр нэгэн гэмт хэргийн бүлэглэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлжээ.
Дэлхийн хамгийн том, аюултай гэмт хэргийн бүлэглэлүүдийн нэг “Синалоа” картелын нэг удирдагчийн хүү нь нөгөө удирдагчийн хүүгээс урвасан аж. Үүнээс болж тус картел өнгөрсөн жил хагасын хугацаанд дотроо хагаралтай байсаар өдийг хүрчээ. Тухайн картелын удирдагч асан “Эль Маяо” хочит Исмаел Замбада одоо АНУ-ын шоронд хоригдож байгаа аж. Түүнийг баривчлагдсанаас хойш “Синалоа” картел эмх замбараагаа алдсан байна.

Кулиакан хотын түргэний эмч, 53 настай Хектор Торрес “Айдас хүйдэс хаа сайгүй тархаж байна” гэж мэдэгдсэн байна. Тэрээр хотын төвд орших гарааш доторх буудалцаан болсон газарт очоод буцаж байхдаа BBC-д ярилцлага өгчээ. Эмч Хектор Торрес “Өнгөрсөн жил түргэний дуудлага 70%-иар өссөн” гэж мэдэгдэв. Тэрээр Хулио гэх 28 настай эмчтэй хамт түргэн тусламжийн дуудлагад явдаг. Тэд буудалцаан болсон газарт дуудлагаар очихдоо 14 кг жинтэй, сум нэвтэрдэггүй хантааз, дуулга өмсөж очдог болсон тухайгаа сэтгүүлчид ярилаа.
Эх сурвалж: BBC
