Сурагчид өдөрт 1-2 удаа хоол идэж байна. Тэд тэгвэл өдөрт ямар хоол идэж, хэр хэмжээний шингэн уудаг талаар тодрууллаа.
Сурагчид…
– Өдөр 13:30 цагаас хичээл ордог үед 11:00 цагт хоол идчихээд хичээлдээ явдаг. Өдөр хичээлийн цагаар юм иддэггүй. Хичээл 18:40 гээд тарахаар гэртээ очиж, оройн хоолоо иднэ. Оройн хоол ихэвчлэн гурилтай шөл байдаг.
–Өлсвөл пирожки аваад идчихдэг. Өдөрт 2 пирожки идээд, орой гэртээ очоод, шөлтэй хоол иддэг.
-Хичээл ихтэй байдаг учир хоол идэх зав гардаггүй. Идлээ гэхэд ихэвчлэн түргэн хоол идчихдэг. Пирожки, кимбаб зэрэг. Өдөрт 1-2 удаа хоол иддэг. Гурилтай шөл их иддэг.
-Өглөө овьёос, жимс иддэг. Оройдоо шөлтэй хоол идчихдэг
Хүүхдүүд ингэж хариуллаа. Тэгвэл Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын талаар 2024 онд гаргасан судалгаанаас үзэхэд 6-11 насны сурагчдын 11.7 хувь нь чихэрлэг ундаа, 17.3 хувь нь чихэрлэг хүнс, 20.4 хувь нь их тосонд шарж болгосон хүнсийг 7 хоногт гурваас олон удаа хэрэглэдэг.
Харин 12-18 насны сурагчдын 53.1 хувь нь 7 хоногт нэг ба түүнээс олон удаа түргэн хоолны газар, цайны газраар үйлчлүүлдэг байна.

Мөн 33.8 хувь нь өдөрт 1-3 аяга буюу маш бага хэмжээний ус уудаг. Энэ мэт буруу хооллолт нь хүүхдийн биеийн өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Үндсэндээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2.6 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 2.3 хувь нь туранхай буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй, 19.6 хувь нь илүүдэл жинтэй, харин 6.2 хувь нь тарган байна.
Ерөнхийд нь дүгнэвэл шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээ нь шим тэжээлийн дутагдал болон таргалалтыг бий болгож байгаа аж. Иймд дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол өгч, шим тэжээлийн дутагдлыг нөхөх шаардлага бий болсныг судлаачид онцоллоо.
Төр, төсвийг харахгүйгээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдээ үдийн хоолтой болгох хэрэгтэй
С.Нямцэцэг (ШУТИС-ийн дэргэдэх Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, аргазүйн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн)

-Хүүхэд эрчимтэй өсөх үедээ шим тэжээлийн дутагдалд ороход нөлөөлж буй шалтгааныг та дурдаач..
– Гэр бүлийн хооллолт, амьдралын хэв маяг хүүхдийн хооллолтод асар их нөлөөтэй. Хүнд эрчимтэй өсөх хоёр үе шат тохиодог. Үндсэндээ 12-14 насандаа эрчимтэй өсөх үедээ буруу хооллолттой болж, шим тэжээлээ хоол хүнснээс авч чадахгүй байгаа нь шим тэжээлийн дутагдалд ороход нөлөөлж байна. Бага насны хүүхдийн нойр булчирхай үрэвсэлтэй байгаа нь багаасаа буруу хооллосноос улбаатай. Эцэг эхчүүд дунд, ахлах ангийн хүүхдүүдээ сургууль дээрээ хоол авч идэх мөнгийг нь өгдөг. Гэтэл дийлэнх нь пирожки авч иддэг. Энэ нь тухайн үеийн илчлэгийг тэнцвэргүй байдлаар хангаж байдаг. Тиймээс хүүхдэд мөнгө өгөхөөр хэт их шарсан, хуурсан түргэн хоол идээд байгаа учраас тэднийг нийтээр нь “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулчих хэрэгтэй гэх санаа хоолзүйч, судлаачдаас гарч байгаа. Хүүхдэд өгөх мөнгөө эцэг эхчүүд “Үдийн хоол”-ны зардалд нэмэрлэхэд болно. Энэ нь хоол хүнснээс хүүхдүүд шим тэжээлээ бүрэн авахад чухал нөлөөтэй.
Мөн бага ангийн нэг сурагч тухайн өдөр үдийн хоолоор ямар төрлийн хүнс идсэнийг нь хоолзүйчээс эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. Тухайн өдрөө идэж чадаагүй хүнсийг нь эцэг эхчүүд гэртээ өгөх ёстой. Хүн өдөрт 6 бүлэг хүнсийг тэнцвэртэй хэрэглэж байж шим тэжээлээ бүрэн авна.
-Хуулиараа 2023 оноос дунд, ахлах ангийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдчихсан байх учиртай. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаад та ямар байр суурьтай байна?
-Төр төсөвгүй л гэдэг. Тиймээс төрөөс бага ч гэсэн төсөв гаргаад түүн дээр эцэг, эхчүүд хамтраад дунд, ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолтой болгоё гэх санааг судлаачид хэлдэг. 4500 төгрөгийн үдийн хоолноос дунд, ахлах ангийн хүүхдүүд 35 хувийн илчлэгийг хангалттай авна. Дунд, ахлах ангийн сурагчдыг сургууль дээрээ хоол иддэг болгохын тулд эцэг эхчүүдээс 1000-1500 төгрөгийн дэмжлэг л авчихвал болох юм. Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд олон улсын жишгийн дагуу үдийн хоолонд эцэг эхийг оролцуулах нь чухал гэх байр суурийг хоолзүйчид хэлдэг.
