Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.02.27/ мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан, УИХ-д өргөн барихаар боллоо. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр “УИХ-ын гишүүд сүүлийн үед хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч УИХ-ын гишүүний дархан эрхийн цаана нуугдаж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаад ард иргэд шүүмжлэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэхүү заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй. Тиймээс энэхүү заалт хэрэгжих хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж байна. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахад дараах үндэслэлийг тусгалаа. Үүнд,
Нэгдүгээрт, Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ.
- Хоёрдугаарт, Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг ёс зүйн дэд хороо болон нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татдаг болно.
- Гуравдугаарт, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол гишүүнийг эгүүлэн татна.
- Дөрөвдүгээрт, Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн, түүнийг ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгалаа.
Дээрх хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой. Цаашид энэхүү хуулийн төслийг ЗГ-аас санал авч, нэн яаралтай горимоор УИХ-Д өргөн барина” гэлээ.
