Ким Жон Ун Вашингтонд 2-р сарын 26-ны пүрэв гарагт хүргүүлсэн мэдэгдэлдээ Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, АНУ-тай хамтран ажиллаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр тус мэдэгдэлдээ “Хойд Солонгосын цөмийн зэвсгийн байр суурийг АНУ хүндэтгэж, цөмийн зэвсгээ хадгалж үлдэхийг зөвшөөрвөл АНУ-тай Хойд Солонгос нөхөрлөж, хамтран ажиллахад бэлэн” хэмээн мэдэгджээ. Доналд Трамп 4-р сард БНХАУ-д айлчлах гэж байгааг тохиолдуулан, Ким Жон Ун уг мэдэгдлээрээ Трамптай хэлэлцээр хийх боломжийг нээлттэй орхисон байна.
Үүнээс гадна Ким Жон Ун Өмнөд Солонгостой ямар нэг дипломат хэлэлцээр хийх талаар ямар ч бодолгүй байгаа ба Өмнөд Солонгосыг Хойд Солонгосын “Хамгийн заналт дайсан” гэж мэдэгджээ. Тэрбээр “АНУ-Хойд Солонгосын харилцааны ирээдүй АНУ-ын хандлагаас бүрэн хамаарна. Эв найрамдалтайгаар зэрэгцэн орших, эсвэл мөнхийн дайснууд хэвээр үлдэх хоёр сонголтын алинд нь ч бид бэлэн байна. Харин энэ сонголтыг АНУ хийх болно” гэж мэдэгдсэн нь онцлох үйл явдал байв.
Ким Жон Ун харин Өмнөд Солонгосын талаар “Бид нөхөрсөг орнуудын жагсаалтаас Өмнөд Солонгосыг үүрд хасах болно. Өмнөд Солонгос бидэнтэй хиллэдэг геополитикийн асуудлаа шийдэж чадахгүй бол бидэнтэй холбоотой бүхнийг өгч, биднийг тайван орхих нь тэдний аюулгүй амьдрах цорын ганц арга байх болно” гэсэн мэдэгдэл хийжээ.
Нэгэн шинжээч AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгос Өмнөд Солонгостой харилцаа тогтоолгүйгээр зөвхөн АНУ-тай тусдаа харилцаа үүсгэхийг эрмэлзэж байна” хэмээн онцлов. Өмнөд Солонгостой найрсаг харилцаа тогтоосон АНУ Хойд Солонгостой найрсаг харилцаа тогтоох эсэх нь эргэлзээтэй гэж зарим шинжээч үзэж байна.
Эх сурвалж: BBC
