Н.Учрал: Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, А.Амундра, Н.Тавинбэх нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй


МАН-ын бага хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлж, тус намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хурлын дарга, орлогч дарга нарыг танилцууллаа. Хурлын даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар МАН бага хурлаараа 7 асуудал хэлэлцэж байна.

Тус намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл тавихдаа “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, “Үнэн” сонины эрхлэгч асан А.Амундра, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй” гэж мэдэгдлээ.

МАН-ын дарга Н.Учрал:

УИХ-ын танхимаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрдөг байх, иргэнээсээ илүү дархан эрх эдлэх ёсгүй гэдэг итгэл үнэмшлээр ажиллаж байна. Олон нам, олон салбарын төлөөллийн санал бодол, байр суурийг эрх тэгш хангах үүргээ эн тэргүүнд тавьж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн процессын хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар шийдвэрлэлээ. Монгол бол 3 иргэн тутмын 2 нь хүүхэд, залуу хүн байдаг, эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Энхрий үрс нь уйлдаг биш инээдэг, хүүхэд хамгаалал нь хоцорч хожимддог, хүнээ, хүүхдээ олохгүй төөрдөг байхыг хараад суух эрх ард түмний элч төлөөлөгчид, аав ээжүүд бидэнд үгүй. УИХ-ын даргын хувьд ч, 4 хүүхдийн эцэг хүнийхээ хувьд ч хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн асуудалд онцгойлон анхаарна. УИХ 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах жил болгосонтой холбогдуулж, УИХ-ын хаврын чуулганаар Гэр бүлийн хууль, Гэр, бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг эн тэргүүнд хэлэлцэн батлах болно.

Г.Занданшатарын Засгийн газрын хэрэгжүүлсэн цэгцрэх хөдөлгөөн, Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд нүүрсний экспорт эргэн сэргэж, гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 7 тэрбум ам.долларын босгыг давлаа. Анх удаа 240 мянган иргэний санал хүсэлтийг шингээн тусгасан 2026 оны Монгол Улсын Төсвийн тухай хууль хэлэлцэн баталлаа. Түүхэндээ анх удаа төсвийн зардлаа 2,3 их наядаар таналаа. Данхар төрөөс цомхон, бүтээмжтэй төр болох, зах зээл дэх төрийн хэт оролцоог хазаарлаж, хувийн хэвшилдээ орон зай нээх шинэ зам зурайлаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2%, нийт зардлыг 32 их наяд 980 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1%-тай тэнцүү байхаар УИХ-аар батлуулаа. Засгийн газрын гишүүдийн урсгал зардлаас 990 тэрбум төгрөг танаж, цалин, тэтгэвэр нэмэх үүсвэр бий болголоо.

Төсвийн хуулийг дагуулан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүд түншлэлээр хөдлөн хэрэгжих зам нээгдлээ. Төр, хувийн түншлэлийн төсөл сонгон шалгаруулалт 12-18 сар байсан бол 1-6 сар болж богинослоо. Олон үе шатыг нэг шаттай болгож, аймаг, орон нутаг бие даан шийдэх эрх чөлөөтэй боллоо. Үр дүнд нь хэд хэдэн аймаг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны, Нарны цахилгаан станц барих ажилдаа орлоо.

2025 оны гуравдугаар улирлын байдлаар өрхийн нэрлэсэн дундаж орлого 2,9 сая төгрөгт хүрч өссөн ч зарлагаасаа 122 мянган төгрөгөөр бага байна. Иинфляц 8.2%-тай гарч, дарамт нь тэлэхийн хэрээр зээлийн хэмжээ өсөж, цалин, тэтгэвэр нэмсэн шийдвэрүүд өрхийн бодит орлогын өсөлт багасах, хөдөлмөрийн зах зээл сулрахад хүргэж байна. Эдийн засаг, инфляц тэнцвэртэй, мөнгө, төсвийн бодлого уялдах нэн шаардлагатай байна. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх УИХ-ын тогтоол баталж, чуулган завсарлах хугацаанд хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүд хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоол хэлэлцэн баталлаа.

Хөгжлийн төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс илүү өртөгтэй, ТЭЗҮ-тэй, зураг төсөлтэй, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой яв цав нийцсэн нийт 66.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг баталж, өнгөрсөн хугацааны эмх замбараагүй хүслийн жагсаалтыг цэгцэлж чадлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсож байна. Мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги” батлах юм байна. Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо салбар хуралтай.

Бодлогын хороод:

  1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
  2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
  3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
  4. Хот байгуулалтын бодлогын хороо
  5. Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
  6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
  7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
  8. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
  9. Эрүүл мэндийн бодлогын хороо
  10. Технологи, инновацийн бодлогын хороо
  11. Хүний эрхийн бодлогын хороо

Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн ­­­­­­дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон бол хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж нар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *