МАН-ын бага хурал цагаан байшиндаа эхлэхтэй зэрэгцэн ЕТГ өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсныг мэдээллээ. Энэ бол санамсаргүй давхцал биш. Намынхаа бага хурлын гишүүдэд “Амаа мэдээрэй” гэсэн анхааруулга боллоо. Үүнийг намынх нь гишүүд ойлгосон нь ойлгомжтой.
Төрийн түшээ болсноо одоо болтол мэдээгүй, гудамжны зангаа хаа сайгүй гаргаж яваа Д.Нарантуяа-Нара гишүүний бүдүүлэг үг, ёсзүйгүй үйлдэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг “цочирдуулжээ”. Төрийн ордонд, парламентын танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай гар зөрүүлж явсан У.Хүрэлсүхийг “цочирдуулсан” гэхээр Нарагийн амнаас гардаг үг, нийгмийн сүлжээнд бичдэг өгүүлбэр хэрээс хэтэрсний шинж. У.Хүрэлсүхийг Монголын төрийг тэргүүлж буй 6 жилийн хугацаанд УИХ-ын гишүүд түүний чихийг мөн ч их халууцуулсан. Тэдний хийсэн хэрэг, холбогдсон асуудлыг тоочвол хүн байтугай банхар ч өмнөөс нь хавталзахаар. Тэр бүхэнд хатуухан үг чулууддаг ч хууль санаачлаагүй Ерөнхийлөгчийн тэвчээрийн утсыг Нара алдагдуулсан гэвэл дэгсдүүлсэн болно.
Харин Нара, Б.Батбаатар хоёроос өрсөж, давсан тоглолт хийлээ гэвэл үнэнд ойртоно. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болгох хуулийн төсөл санаачлахаа Нара 2025.06.03-нд олон нийтэд мэдэгдэж байлаа. Гэрээ хулгайчид тонуулснаа мэдэгдэн, хамаг муу үгээ барж байсан Нара харин өчигдөр хуулийн төслөө хулгайлуулснаа хамаг байдаг боловсон байдлаараа зарлав. Түүнээс өрсөж, өөрийг нь буцаан татахаар намынх нь дарга Б.Батбаатар төсөл санаачлаад гүйж яваа. Харин Ерөнхийлөгч тэднийг хоёуланг нь давчихлаа.
Улайх нүүртэй, ичих булчирхайтай олон Нараг эсэргүүцэж байгааг, түүнийг УИХ-ын гишүүн болгосон сонгогчид нь өмөөрч байгааг, Нараг намынхаа жагсаалтад багтааж, өөрөө УИХ-ын босго давсан Б.Батбаатар нь эргээд авчирсан хүнээ яахаа мэдэхгүй хэцүүдэж явааг хараад Ерөнхийлөгчид нэг бодол төрсөн биз. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилсныг ЕТГ өчигдөр мэдээллээ. Энэ мэдээ олон хүний загатнасан газарт маажих шиг болов. Нараг явуулах хуультай болох гэж байгаад санаа нь амрав.
Цэц тэгэхээр эрх баригч намын дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын таалаагүй гишүүнийг Төрийн ордноос үдэн гаргагч болж хувирах вий дээ
Нөгөө талд Нараг явуулахгүй гэх хэсэг бас бий. Ийм хүнийг дэмжиж, ИЗНН-д саналаа өгөх замаар Нараг их хурлын гишүүн болгосон сонгогчид Монголд 30 мянга гаруй бий. Нара бол яах аргагүй тэдний төлөөлөл. Тэд өөрсдийн төлөөллөөрөө Нараг сонгож, их хуралд илгээсэн. Тэднийгээ Наратай нь хүмүүжүүлэх үүргийг Ерөнхийлөгч хүлээж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа. Төр, ард түмний эв нэгдлийг хангах, итгэлцлийг бэхжүүлэх үүрэгтэй Ерөнхийлөгч энэ үүргийг өөртөө авах нь зөв. Харин ч оройтлоо.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг нам нь эргүүлэн татдаг болох хуулийн төсөл санаачилсан. Түүний санаачилсан төсөл наанаа жагсаалтынханд хаягласан ч цаанаа Нарад зориулагдсан. Ерөнхийлөгч харин жагсаалтынхан гэж хязгаарлалгүйгээр УИХ-ын бүх гишүүнийг эргүүлэн татах боломж бий болгох гэж байна. Үүгээрээ Ерөнхийлөгчийн төсөл илүү.
УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлсон байдаг. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой, хууль тогтоомж, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний тодотгол, гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, төрийн болон орон нутгийн өмч, татвар, эрүү, иргэн болон зөрчлийн тухай анхдагч хуулиас бусад асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль тогтоомжийн төсөл санаачилж болдог. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн 33.4 дэх хэсгийг баримтална. Үндсэн хуулийн 33.4-т “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн, Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна” гэж заажээ. Хууль санаачлах тухай 33-р зүйлийн “Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч хууль санаачлахтай холбоотой ямар ч заалт алга.
Ерөнхийлөгч, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар нэгтгэж, УИХ-д өргөн барих бололтой
Тэгэхээр Ерөнхийлөгч, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар нэгтгэж, УИХ-д өргөн барих бололтой. Ерөнхийлөгч хууль санаачлан батлуулах боломж олж харсан учраас энэ хуулийн төслийг санаачилсан байж таарна.
Ёсзүй гэдэг уг нь эрхзүйгээр зохицуулдаг асуудал биш. Гэвч Ерөнхийлөгч ёсзүйн зөрчил гаргасан гишүүнд хуулиар хариуцлага тооцох боломж бүрдүүлэхээ мэдэгдлээ. УИХ-ын гишүүн гэдэг нэрийн дор хариуцлагаас мултардаг, тархи нь бодоогүй байхад ам нь ангайдаг, хүн болж төлөвшөөгүй нөхдийн ёсзүйн асуудлыг хуулиар зохицуулахаас өөр арга олдоогүй байж болох юм. Тэгвэл байгаа аргаа л хэрэглэхээс өөр яалтай. Аргаа барсан л хэрэг. Ингэтэл аргыг нь барж байгаа гишүүд өөрсдөө л үүнд буруутай.
Тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүний асуудлыг УИХ-ын Ёсзүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эргүүлэн татдаг болгохоор Ерөнхийлөгч төсөлдөө тусгажээ.
УИХ-ын гишүүний тангараг:
Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.
Ийм тангараг өргөчхөөд, няцсан гишүүнийг тоочвол урт жагсаалт хөвөрнө. Тангаргаасаа няцсан, ноцтой зөрчил гаргасан гээд УИХ-ын гишүүний ажлаас чөлөөлөгдсөн хүн үгүй. “Хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангаргийг нь ёсоор болгох хууль ч байхгүй. Одоо харин хуультай болох нь.
Хамгийн жигтэй нь тангаргаасаа няцсан, ноцтой зөрчил гаргасан гэж УИХ-ын Ёсзүйн дэгийн хороо үзвэл уг гишүүнийг эргүүлэн татах асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх юм байна. Чуулган уг гишүүнийг буруутай гэж үзвэл ҮХЦ рүү илгээх нь. Цэц уг гишүүнийг эргүүлэн татах “ялын тогтоол” уншихаар Ерөнхийлөгч төсөлдөө тусгажээ. Үндсэн хуулийн манаач гэгддэг цэц тун удахгүй УИХ-ын гишүүний эрлэгийн элч болж хувирах юм байна.
Гэхдээ цэц шударга ажиллаж чадах болов уу? Г.Занданшатарын Засгийн газрыг УИХ огцруулсантай холбогдуулан, Х.Булгантуяагийн санал хураалгасан томьёоллыг ҮХЦ хэлэлцсэн. Цэцийн хурлын явц, шийдвэрийг олон нийт янз бүрээр л хүлээн авсан. Цэц шударга ажилладаг эсэхэд тэр үед олон хүн эргэлзсэн юм даг.
Үндсэн хуулийн манаач гэгддэг цэц тун удахгүй УИХ-ын гишүүний эрлэгийн элч болж хувирах юм байна
ҮХЦ 9 гишүүнтэй. Одоо бол 8 гишүүнтэй ажиллаж байгаа. Тэдний 7 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй. Цэцийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх санал болгож, УИХ 6 жилийн хугацаатай томилдог.
Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2023.11.16-нд ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон, Гавьяат хуульч Л.Өлзийсайханыг УИХ-ын дарга Н.Учрал ерөнхий нарийн бичгийн даргаараа авсан юм. 2025.11.28-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Түүний орны гишүүнийг УИХ томилоогүй байгаа.
Л.Өлзийсайхан 2019-2023 онд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Г.Занданшатар 2019 онд УИХ-ын дарга болоод Л.Өлзийсайханыг ерөнхий нарийн бичгийн даргаараа авчээ. 2023.11.16-нд түүнийг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа УИХ-д танилцуулж, 96 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилуулсан юм. Харин сая Г.Занданшатар өөрийн хүнээ ҮХЦ-ээс буцаан авчирч, Н.Учралын дэргэд тавьсан түүхтэй. Л.Өлзийсайхан парламентын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллангаа Г.Занданшатар, Н.Учрал нарын дундах энхийн харилцааг манах үүрэг хүлээж байгаа.
Ингээд харахад л цэц аль хэдийнэ улстөрчидтэй гар нийлдэг байх өндөр магадлалтай харагдаж байна. Цэц тэгэхээр явж явж эрх баригч намын дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын таалаагүй гишүүнийг Төрийн ордноос үдэн гаргагч болж хувирах вий дээ.
