Өнгөрсөн жил тариалангийн бүс нутаг Булган, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн хойд хэсэгт гантай байжээ. Улмаар ургац буурах нөхцөл бүрдсэн байна. Иймд энэ жилийн хаврын тариалалт нэмэгдэнэ гэх тооцоо бий. Ингэхдээ нийтдээ 370 орчим мянган га талбайд үр тариа, тэжээл болон тосны ургамал тус бүр 100 га талбайд, 18 мянган га талбайд хүнсний ногоо тарихаар төлөвлөөд байгаа талаар ХХААХҮЯ мэдээллээ. Энэ жил тариалангийн бүс нутаг цас сайтай байгаа аж. Үрийн нөөцийн тухайд намрын ургацаар улаанбуудайн 29.3 мянган тонн нөөц бэлтгэжээ.
Энэ жил улаанбуудайг 316 мянган га талбайд тарина. Үүнд 50 мянган тонн үр хэрэгтэй. Одоогоор 10 мянга гаруй тонн үр дутагдахаар байгаа тул импортоор авахаар төлөвлөжээ. Салбар яам хаврын тариалалтад зориулан, 130 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тариаланчдад олгохоор болжээ. Улсын хэмжээнд 17 мянга гаруй тариалан эрхлэгч бий. Тэдэнд тулгамдаж буй асуудал нь эргэлтийн хөрөнгө аж. Өнгөрсөн жил гэхэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр 982 иргэн, аж ахуйн нэгжид зээл олгожээ. Харин байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургац алдсан тариаланчид хөнгөлөлттэй зээлээ хойшлуулах боломжтойг ХХААХҮЯ мэдээллээ.
