Иргэн А гурван жилийн өмнө бичиг баримтаа алджээ. Улмаар 2024 онд түүний гар утсанд ББСБ-аас зээлээ төлөхийг шаардсан мессэж ирсэн байна. Иргэн А тухайн ББСБ-д очиж уулзахад, гар утас зээлээр авах гэрээ хийснийг дурджээ. А уг гэрээг харахыг хүссэн ч түүнд гэрээг танилцуулах нь байтугай харуулаагүй байна.
Иймд иргэн А Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандаж, уг зээлийн гэрээг хүчингүй болгуулахын зэрэгцээ Зээлийн мэдээллийн сан дахь муу түүхийг арилгуулж чадсан талаар өмгөөлөгч О.Билгүүн мэдээлэв. Иргэн А-ийн гээсэн бичиг баримтыг олсон иргэн Б нэгэн ББСБ-аас уг хүний бичиг баримтыг ашиглан “iPhone 15 promax” гар утсыг зээлээр авч, 10 орчим сая төгрөгийн хохирол учруулахын зэрэгцээ, хар жагсаалтад оруулсан байжээ.
Иймд иргэн бүр бичиг баримт, хувийн мэдээллээ бусдад алдах, ашиглуулахаас сэргийлэхийг сануулах зорилгоор өмгөөлөгч О.Билгүүн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ.

