АНУ-ын Иран руу хийж буй дайралтад Их Британи цэргийн баазаа ашиглуулахаар болжээ


АНУ-ын явуулж буй Ираны эсрэг байлдааны ажиллагаанд цэргийн баазаа ашиглуулахаар болсноо Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгдлээ. “Их Британи улс одоогоор уг цэргийн ажиллагаанд оролцоогүй байгаа ч Ираны хариу цохилт Британийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байгаа тул Ойрх Дорнодын бүс нутаг дахь цэргийн 2 баазаа АНУ-д ашиглуулахаар болсон” гэж Кир Стармер үүнийгээ тайлбарлав. Ингэхдээ зөвхөн өөрсдийгөө хамгаалах буюу Иранаас харвасан пуужингуудыг эсэргүүцэх, мөн Ираны пуужингуудыг нутаг дэвсгэрт нь устгах гэсэн хязгаарлагдмал зорилгоор баазаа ашиглуулахаар тохиролцсон гэнэ.

АНУ, Израил хамтран 2-р сарын 28-ны бямба гарагт Иранд гэнэт цохилт өгсний дараа Ойрх Дорнод даяар Иран улс хариу цохилт өгч эхэлсэн билээ. Ираны агаарын цохилтын бай болж буй Ойрх Дорнодын бүс нутгийн орнуудад Их Британийн 200,000 орчим иргэн байгаа аж. Их Британийн Засгийн газар тэднийг хамгаалахын тулд “Чадах бүхнээ хийх болно” гэж Кир Стармер мэдэгджээ.

Кир Стармер уг шийдвэрийнхээ талаар “Аюул заналхийллийг зогсоох цорын ганц арга зам бол пуужингуудыг агуулахад байгаа эх үүсвэрт нь устгах, эсвэл тэдгээрийг харвадаг системүүдийг устгах юм. АНУ энэхүү тодорхой бөгөөд хязгаарлагдмал хамгаалалтын зорилгоор Их Британийн Ойрх Дорнод дахь баазуудыг ашиглах зөвшөөрөл хүссэн. Бид үүнийг нь зөвшөөрсөн” гэж тайлбарлажээ. Мөн Франц, Герман улсын эрх баригчид “Бид Ираны пуужин, нисгэгчгүй онгоц харвах чадварыг устгахын тулд шаардлагатай хамгаалалтын арга хэмжээ авах замаар өөрсдийн болон бүс нутаг дахь холбоотнуудынхаа эрх ашгийг хамгаалах болно” гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Стармерын гаргасан энэхүү шийдвэр Их Британийн улс төрийн хүрээнд маргаан үүсгэв. Их Британийн зүүний намуудын улстөрчид уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүмжилсэн байр суурь илэрхийлжээ. Тухайлбал: Либерал ардчилсан намын тэргүүн Эд Дэви “Ерөнхий сайд хэдийгээр үүнийгээ зөвхөн хамгаалах зорилготой гэж тайлбарлахыг хичээж байгаа ч үнэндээ энэ нь маш эрсдэлтэй алхам юм. Ойрх Дорнод дахь дайнд Их Британийг татан оролцуулах Трампын сонирхлыг тэр биелүүлэх ёсгүй. Стармер маргааш парламентын танхимд ирж, хууль эрх зүйн үндэслэлээ бүрэн танилцуулж, гишүүдийн саналыг сонсох ёстой” гэж шаарджээ.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *