Төрийн албаны 2026 оны I улирлын ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг эхлэв. Шалгалтад өчигдөр нийслэлд 267, орон нутагт 1057 иргэн оролцлоо. Тэднээс нийслэлд 96, орон нутагт 324 иргэн тэнцжээ.
Уг шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөл, Тагнуулын ерөнхий газар хамтран танхимаар болон камерын тусламжтайгаар цахимаар хянадаг. Камераар хянах явцад бусадтай ярих, бусдад саад учруулах, утастай орж, хуулахыг завдсан, цаас, бал гаргасан зэрэг 24 иргэнд сануулга өгчээ. 4 шалгуулагч гар утаснаасаа шалгалтын хариуг хуулаад баригдав. Ийм шалтгаанаар Говь-Алтай аймгийн 2, Хөвсгөл аймгийн 1, Сүхбаатар аймгийн 1 иргэний шалгалтыг зогсоож, танхимаас гаргасан гэж Төрийн албаны зөвлөл мэдээллээ.
