“Би эргэж ирлээ” хэмээн зарлаж, Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор явж, буцан ирснээ харуулагсад олшров. Эргэн ирэгсэд эхнээсээ албан тушаал хүртэж, алдсан хугацаагаа нөхөх гээд амьсгаа өндөртэй явна.
Эхнийх нь эргэн ирж байхад, дараагийнхыг нь МАН гишүүнчлэлээсээ хасаж байна. Тус намын дарга Н.Учрал 4 гишүүнээ намаас гаргах саналаа 2026.02.27-нд болсон бага хурлаараа мэдээллээ. Тэр “Авлига Монголыг идэж байна. Авлига Ардын намыг идэж байна. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь ҮХЦ-ийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ” гэв.
Ц.Сандуй МАН-ын 105 жилийн ойн барилдааныг МАН-ын дарга Н.Учралын ард, Бөхийн өргөөний хойморт тухалж үзэв
Үнэндээ МАН авлигачдаас чөлөөлөгдөж, ард түмэнд эргэж ирээгүй. Ер нь энэ нам ард түмний талд байсан юм уу? МАН-аас гаргасан гишүүд л буцан ирж, албан тушаал авч байна. Нэгэнт эргээд ирэхээс хойш МАН гишүүнээ гаргах, хөөх хэрэг байгаа ч юм уу!
Төрийн албанаас халагдсан хүмүүс шүүхдээд, ажилдаа буцаж ордог, ажиллаагүй хугацааныхаа цалинг авч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлдэг. Тэгвэл МАН-ын гишүүнчлэлээс хасуулсан хүмүүс хэний шийдвэрээр, ямар үндэслэлээр Цагаан байрандаа, Монголын төрд эргэн ирдэг юм бол?
С.Мөнхчулуун. 2019.02.18-нд МАН-ын Хяналтын хороо хуралдаж, С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв. Намын шинэчилсэн дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр уг шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Батбаатар “Намын дүрэмд зааснаар намаас гарсан хүнд тодорхой хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэж мэдэгдэв.
МАН-ын дарга У.У.Хүрэлсүх нийслэлийн засаг даргын сонгуульд НИТХ-ын төлөөлөгч С.Амрсайханыг сойсон бол заалнаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцож, С.Амарсайхан, С.Мөнхчулуун хоёр 21, 21 хүний саналаар тэнцэж, саналын 1 хуудас хүчингүй болсон юм. Дахин санал хураалтад 43 төлөөлөгчийн 22 нь С.Мөнхчулуунд саналаа өгсөн ч түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргаар томилохыг дэмжээгүй. Үүнээс болж, түүнийг МАН-ын гишүүн биш болгосон.
МАН-ын гишүүн биш болсон С.Мөнхчулуун одоо Дундговь аймгийн засаг дарга
Гэсэн ч буцааж авсан юм байлгүй, С.Мөнхчулууныг 2022-2023 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2023 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий аудитор, 2021-2024 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2024.09.01-нээс Дундговь аймгийн засаг дарга, тус аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.
Ц.Сандуй. Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байхдаа төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжих схем гаргаж, түүнийгээ 2014.08.28-нд намын дарга М.Энхболдод танилцуулсан, төрийн албыг мөнгөөр арилжих төлөвлөгөө гаргасан хэмээн түүнийг МАН-ын гишүүнчлэлээс 2019.02.18-нд хассан юм. Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг санаархсан хэргээр анхан шатны шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон түүхтэй.
Үүний дараа Ц.Сандуй “Бээжин 2022” өвлийн олимпод Монголын багийг ахалж, нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр Япон улс дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогджээ. “60 тэрбум-ын хэргийг 2023 оны 3-р сард сэргээн шалгаж эхэлсэн гэх ч одоо болтол шийдэгдээгүй.
Одоо Ц.Сандуй МАН-ын цагаан байраар орж гарч яваа. Түүнийг МАН буцаагаад гишүүнээр авсан бололтой. Тэр МАН-ын 105 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг МАН-ын дарга Н.Учралын ард, Бөхийн өргөөний хойморт тухалж үзэв.

Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир. МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2019.05.17-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн хариуцлага тооцон, 5 жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн, яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолдог байв. Үүнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл тоолохоор болгосон юм. Үүгээр түүнийг буруутгаж, хариуцлага тооцсон бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан дүгнэлтийг “Рио тинто”-д хүргүүлсэн гэж буруутгасан.
УИХ дахь МАН-ын бүлэг 2019.05.20 Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нартай холбоотой уг асуудлыг хэлэлцээд, тэднийг буруугүй гэсэн мэдэгдэл гаргасан юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн“Оюутолгойн гэрээг шалгасан дүн хуулиар нууцийн зэрэглэлгүй учраас материалыг өгөх нь нээлттэй. Тиймээс Д.Дамба-Очирт буруу байхгүй. Эрүүгийн хуулийн 1.10.2-т оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэлээс тодорхой болсон. 2017.05.18-нд УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхдээ “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс эхлэн сэргээн тоолно” хэмээн өөрчилсөн байна. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан. Хуралдаанд биечлэн оролцоогүй байна” гэж мэдэгдсэн юм.
Ш.Раднаасэд Ерөнхий сайдын зөвлөх болсон бол 14 хоногийн дараа ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдож, албан тушаал дэвшээд байна
Ингээд тэднийг УИХ дахь МАН-ын бүлэг нь аварч, Ш.Раднаасэд 2020 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж, дахин сонгогдсон. 2024 оны сонгуулиас хойш сураг алдарсан Ш.Раднаасэд 2025.09.26-нд гэнэт гарч ирэн, Д.Амарбаясгалангийн эсрэг хэвлэлийн хурал хийв. Говь-Алтайгаас гаралтай МАН-ын гишүүн Говь-Алтайгаас гаралтай МАН-ын гишүүнийхээ эсрэг. МАН-ын даргыг сонгох бага хурлын өмнөх өдөр шүү дээ. Дараа нь тэр 2025.12.05-нд Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөх болсон бол 14 хоногийн дараа ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдож, албан тушаал дэвшээд байна.

Харин Д.Дамба-Очир албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэргээр 2020.08.19-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд 6 жил томилогдох эрх хасах, 3.6 жил хорих ял сонссон бол нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.10.29-нд, УДШ 2021.04.02-нд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Н.Номтойбаяр. МАН-ын Хяналтын хороо 2018.11.29-нд М.Энхболд, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Ц.Цогзолмаа, Д.Хаянхярваа нарыг намаас хөөсөн ч удалгүй Ц.Нямдорж сайдад загнуулаад, шийдвэрээсээ буцсан. ТЕГ-ын дарга Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдсон, олон нийтийн газарт биеэ зохисгүй авч явсан хэмээн МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2020.01.29-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гаргажээ. Намаас хөөх, гаргах гэдэг хоёр тусдаа ойлголт. Хөөнө гэхээр тэр хүнийг эргэж ирэх бололцоо олгодоггүй. Гаргана гэдэг нь тухайн хүн алдаагаа засаад, буцаж намдаа орох боломжтой. Тус нам дүрмээрээ ингэж зохицуулжээ.
МАН-аас 3 удаа хөөгдөхдөө Н.Номтойбаяр 2 удаа буцаж очсон бол 3 дахь удаад очоогүй
Тэр 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ баривчлагдаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020.07.07-нд 5.5 жил хорих ял авсан. Үүнийг жилийн дараа УДШ 1 жил хорих ял болгож, нийтийн албанд 2 жил томилогдох эрхийг нь хассан байна. 2024 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Н.Номтойбаяр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, СЕХ-нд Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулж байв.
МАН-аас 3 удаа хөөгдөхдөө Н.Номтойбаяр 2 удаа буцаж очсон бол 3 дахь удаад очоогүй. Ногоон нам, Монгол үндэсний ардчилсан нам, Монголын либерал ардчилсан намыг нэгтгэн, 2024.01.29-нд Үндэсний эвсэл байгуулж, УИХ-ын сонгуульд өрсөлдөн, одоо УИХ-ын гишүүн болчхоод байна.
Ц.Анандбазар. 2021.05.14-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийлэлд холбогдсон хэмээн МАН гишүүнчлэлээсээ хаслаа. Үүгээр эрх баригч нам парламентад 61 суудалтай болж, Ц.Анандбазар сул гишүүн болов. Гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгоод, намын гишүүнчлэлээ сэргээх боломжийг түүнд олгосон гэдэг.
Ц.Анандбазар эдүгээ Г.Занданшатарын орон тооны бус зөвлөх
Иргэн Б.С ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргаснаар 2021 оны 10-р сард УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татан шалгасан ч жилийн дараа нийслэлийн Прокурорын газар хэрэгсэхгүй болгожээ. Үүний дараа түүний гишүүнчлэлийг МАН сэргээсэн. Гэсэн ч түүнийг Т.Бадамжунайд хахууль өгсөн гэх үндэслэлээр АТГ 2023 оны 7-р сард яллагдагчаар татав. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын хэргийг нэгтгэн шалгаж байна.

Гэсэн ч Ц.Анандбазар эдүгээ Ерөнхий сайд Г.Занданшатарын орон тооны бус зөвлөхийн алба хашдаг. С.Бямбацогт ЗГХЭГ-ын дарга байхдаа үүнийг үгүйсгэсэн ч Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.09.05-нд ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн X чуулганд оролцохдоо айлчлалын багтаа Ц.Анандбазарыг багтааж, Ерөнхий сайд орон тооны бус зөвлөх гэж танилцуулсан байдаг.
Б.Энхбаяр. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.09.30-нд мэдэгдсэний маргааш МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Б.Энхбаярыг МАН-ын гишүүний бүртгэлээс хассан. Гэсэн ч уг шийдвэрээ МАН-ын Хяналтын ерөнхий хороо дараа нь хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй байсаар 2025.10.24-нд Засгийн газар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайд болгосон юм.
