Хотын төвийг гундаасан Гандангийн дэнж цэцэрлэгт хүрээлэн болох цаг айсуй


Нийслэлийн төвд байрлах хамгийн том гэр хорооллыг дахин төлөвлөж, аялал жуулчлалын бүс болгох ажлын нохойн дуу ойртсон таатай мэдээ сонсогдов. Улаанбаатар хотын хамгийн анхны гэр хорооллын бүс болох “Гандантэгчэнлин” хийд орчмыг дахин төлөвлөх ажил уг нь аль эрт Э.Бат-Үүлийг хотын дарга байхад эхэлсэн түүхтэй. Гэхдээ Ганданд газар эзэмшдэг иргэд газраа чөлөөлөхийг хүсээгүй учраас 10 гаруй жил дахин төлөвлөлтийн ажил гацсан байдаг.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу  Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажил өнгөрсөн намраас эхэлж байгаа талаар яригдаж байсан бол энэ удаа Гандангийн дахин төлөвлөлтийн ажлыг тогтоолын төсөл болгож, НИТХ-аар 4-р сард хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс 36 айлынхыг бүрэн чөлөөлсөн байна.

Анх Баянхошуу орчимд газар чөлөөлөх үеэр их мөнгө нэхсэн иргэдтэй ана мана, ач тач үзэж явсан нийслэлийн захирагч энэ удаа иргэдтэй ширүүлж биш, хэлэлцэж асуудлыг шийддэг болж өөрчлөгдсөн болохоо харууллаа. Эзэмшиж буй газраа чөлөөлөхөөс татгалзсан 3 айлтай дахин үнэ тохирч, үнэлгээ хийхээр зөвшилцөж, зарим үед газарт буудаг болсноо үзүүлэв. Нийслэл төвийн бүсийн газруудаа эзэмшиж буй иргэдтэй нь үнэ тохирч авахаар үнэлгээгээ энэ жил ахин шинэчилжээ. Одоогоор хотын төвийн бүсийн газрыг хэрхэн үнэлснээ зарлаагүй ч газраа нийслэлд шилжүүлсэн иргэдээс зарим айлын газар 700 саяд хүрсэн гэдэг яриа ч гарч байна.

Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгож, уг бүсэд дахиж барилга барихгүй. Мөн шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй гэсэн хатуу амлалт хотын удирдлагаас гарч байна. Гандангийн 55 га газарт одоогийн байдлаар 1800 орчим айл амьдарч байгаа бөгөөд газар чөлөөлөлтийг үе шаттайгаар цаашид үргэлжлүүлсээр байхаар төлөвлөж байгаа юм. Ингэхдээ зах зээлийн ханшаар Ганданд газар эзэмшигчидтэй тохиролцох гэнэ.  

  • Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг “Гандантэгчэнлин” хийдийг тойруулан барихаар төлөвлөж буй. Аливаа хот түүхэн дурсгалт барилга, байгууламжаа тойрсон цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг олон улсын жишиг  бий. Ийм жишиг Гандангийн дэнжид мөрдөгдөх нь.

“Гандантэгчинлэн” хийдийг анх 1838 анд “Гандантэгчинлэн хүрээ” нэртэйгээр байгуулснаар хүрээ маягийн суурьшлын бүс тухайн орчинд бий болсон түүхтэй. Гандангийн дэнжийг өөрчлөх төлөвлөлтүүдийг 1990 оноос хойш олон удаа өрнүүлж байсан бөгөөд  аль нь ч ажил хэрэг болж чадаагүй өнөөдөртэй золгосон байдаг. Уг бүсийг Тасганы овоотой хамсгасан 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авчээ.

Улсын тусгай хамгаалалтын бүсүүдээс хамгийн ойрхон бөгөөд хамгийн ядруухан Гандангийн дэнж удахгүй Улаанбаатарт өнгө нэмэх цэцэрлэгт хүрээлэн болох нь.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *