Өмнөд Судан Улсад энхийг сахиулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 15-р ээлжийн мотобуудлагын батальоныхон хамгаалалт хүсэж ирсэн иргэдийн дундаас жирэмсэн эмэгтэйг эх барьж, эх үрийг эсэн мэнд төрүүлсэн. Тэгвэл эх барьж авсан эмч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва, сувилагч, ахлах ахлагч Б.Ууганбаатар нар бяцхан хүүд Сүбээдэй гэдэг нэр хайрлажээ. Тэд эх барьж авахаар бэлтгэж байхдаа хүү төрвөл Сүбээдэй, охин төрбөл Мандухай гэж нэрлэх сэн хэмээн ярилцаж байжээ.
Судан бүсгүй амаржсаныхаа дараа “Миний хүүг эсэн мэнд төрүүлсэн монгол цэрэг та нэр хайрлаач” гэж хүссэн байна. Ээжийн хүсэлтийн дагуу бяцхан хүүд монгол баатрын нэр өгч, Сүбээдэй гэж чихэнд нь шивнэжээ. Дайн бүртээ түүхэн ялалт авчирдаг байсан, ялагдаж үзээгүй монгол баатрын нэрийг хайрласан нь бяцхан судан хүүгийн ирээдүй гэрэлтэй, энх тайван аюулгүй орчинд өсөн торниж, эр зоригтой эр хүн болоорой хэмээх бэлэгдэл агуулжээ.
Эх үрийг эсэн мэнд амаржуулсан энхийг сахиулагчид буюу ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн Эрүүл мэндийн төвийн дарга. Харин Б.Ууганбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн эмчилгээний сувилагч юм. Тэд гар нийлэмжтэй бадди нар. 2019 онд Афганистан Улсад хамтдаа энхийг сахиулж, 2020 онд эх орондоо төмөр замын бүтээн байгуулалтад мөн л хамтран үүрэг гүйцэтгэсэн залуус аж.

