Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн мэдээллээ.
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн:
-Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг Эрчим хүчний сайдын 2026.03.02-ны 42-р тушаалаар шинэчлэн баталлаа. Өмнөх журам нь хэрэглэгч, аж ахуйн нэгж, байгууллагуудаас техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, зураг төсөл шаарддаг, 3-6 сар болдог байсан. УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд энэ журмыг шинэчлэн, хялбаршууллаа.
Өнөөдрийн байдлаар 111 иргэн, аж ахуйн нэгж түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна. Үүнээс айл 76, аж ахуйн нэгж 35 байна.
Шинэчилсэн журамд оруулсан өөрчлөлт:
- Өмнө нь иргэн, аж ахуйн нэгж л түгээх сүлжээнд цахилгаан нийлүүлэх боломжтой байсан бол одоо СӨХ, иргэдийн хамтрал нэмэгдэж байна.
- Төлбөрийг жилд 1 олгодог байсан бол сар бүр олгохоор болсон.
- Нийлүүлсэн цахилгааных нь төлбөрийг хаанаас олгох нь тодорхойгүй байсан бол түгээх сүлжээний зардалд тусгахаар болсон.
- Түгээх сүлжээний хүчдэлийн чадал 0.4 кВт байсан бол 10 кВт-д холбогдохоор болгож, хүчдэлийг нэмсэн.
- Тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч компанийн эрх үүргийг нэмж, маш тодорхой зааж өгсөн. Тусгай зөвшөөрөлтэй компани цөөн байсныг 3-4 дахин нэмэгдэх боломжтой болголоо.
- Угсрах, суурилуулах, гэрээ байгуулах гээд 3-6 сар зарцуулдаг байсан бол 11-28 хоногт шийдэхээр болсон.
- Айл өрх, иргэний хүсэлтийг 11 хоногт, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 28 хоногт шийднэ.
- Бүрдүүлэх бичиг баримт тодорхой биш байсныг тодорхой болгож, маягт боловсруулан бэлэн болголоо.
- ЭХЯ-ны вэб саит, фэйсбүүк хуудсаар энэ тухай олон нийтэд мэдээлнэ.
