Иргэн Б-г Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх нэн ховор амьтан хулгайгаар агнасан хэрэг хийсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэлээ. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөрт 39.4 сая төгрөг нөхөн төлүүлэв.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт Экологийн цагдаагийн алба хяналт шалгалт хийжээ. Иргэн Б нэн ховор амьтны жагсаалтад багтсан хандгайн махыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэн, биедээ зэвсгийн чанартай зүйл авч явч байгаад экологийн цагдаад баригдсан аж.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Нэн ховор амьтан”, Монгол Улсын “Улаан ном”-д багтсан хандгайг Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан эл хэргийг Экологийн цагдаагийн алба мөрдөн шалгаж, 2025.07.22-нд шүүхэд шилжүүлсэн байна.

