“Чаддаг юм бол хурлаа хуралдуулаад л, аваач дээ. Өөрийгөө ил хэлсэн л дээ. “Би дарга болмоор байна” гээд. Манай нам чинь дүрэм журамтай. Чадахгүйдээ ингэмээр байна, тэгмээр байна гээд анкет барьж, дарга нарын үүд сахиж суугаад хэрэггүй ш дээ” хэмээн ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өчигдөр шулуухан хэллээ. Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх 4-р сард болно. Уг хурлаар нийслэлийн МАН-ын хороо шинэ даргатай болох уу, хуучин даргатайгаа үлдэх үү гэдгээ шийднэ. Уг хорооны одоогийн дарга Х.Нямбаатар уг албыг аваад, 1 жил 10 сар болж байгаа ч түүнээс эрх мэдлийг нь авахыг хүсэгчид хэдийнэ тодроод байна. Энэ сунгаанд одоогоор Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан хоёртой өрсөлдөх хүн алга.
Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны даргаараа үлдэхээр чадах бүхнээ хийж байгаа сурагтай. Ерөнхий сайд Г.Занданшатарын явсан газарт явж, үзэгдсэн газарт нь үзэгдэж явдаг болсныг нь олон нийт ч анзаарч байна. Үеэл Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалаа алдсанаас хойш Х.Нямбаатар нийслэлийн засаг дарга, МАН-ын хорооны даргын эрх мэдлээ хадгалж үлдэхэд хэцүү болсон. Үүн дээр нь хамгийн түрүүнд дөрөөлж байгаа хүн бол Э.Бат-Амгалан сайд.
У.Отгонбаяр одоо Э.Бат-Амгалангийн дээлийнх нь захыг мушгиж явна
Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ 2026.02.27-нд болсон намынхаа бага хурлын үеэр ил цагаан мэдэгдэв. Тэр “Гадуур намайг нийслэлийн МАН-ын даргын суудлыг авна гэж яриад байна лээ. Би хотын дарга болохгүй гэж хэлсэн. Харин нийслэлийн МАН-ын даргын санал ирвэл, би болно. Надад тэр ажлыг хийх туршлага бий” гэсэн юм.
Түүнийг хүслээ ийн ил илэрхийлэх зориг оруулсан хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх хийж яваад, УИХ-ын гишүүн болсон У.Отгонбаяр одоо Э.Бат-Амгалан сайдад нийслэлийн МАН-ын хороог хэрхэн авах талаар зөвлөж, дээлийнх нь захыг мушгиж явна. У.Отгонбаяр өмнө нь Үйлдвэр, худалдааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байв. УИХ-ын гишүүн болоод, парламент дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдсон. Хамгийн гол нь тэр Ерөнхийлөгчийн төрсөн дүү. Энэ ч үүднээсээ түүнийг тойрон хүрээлэгчид олон. Үүнд тулгуурлан тэр өөрийн гэсэн бүлэгтэй болжээ. Тус бүлэг нийслэлийн МАН-ын хороог авахыг хүсэж байна. Тэд Э.Бат-Амгалангаар нийслэлийн МАН-ын хороог удирдуулаад, нийслэлийн засаг даргын суудалд У.Отгонбаярыг тавих төлөвтэй.
Одоо улсыг ах нь, дүү нь нийслэлийг удирдах нь
2007-2009 онд Үйлдвэр, худалдааны яамны Жижиг, дунд үйлдвэрийн хэлтсийн дарга, 2009-2011 онд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэд дарга, 2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга 2016-2019 онд БХБЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хийж явсан, одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга хийдэг У.Отгонбаярт нийслэлийг атгуулахад болохгүй гэх зүйлгүй гэж тэд үзэж байгаа гэнэ.
У.Отгонбаяр их сургууль төгсөөд шууд яаманд ажилд орж, жилийн дараа хэлтсийн дарга болж дэвшсэн. Түүнээс хойш даргын суудлаас салалгүй өдий хүрэхэд нь ахынх нь нөмөр нөөлөг нөлөөлсөн нь дамжиггүй. У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд байхад нь У.Отгонбаяр их сургууль төгсөн, ажилд орсон байдаг. Одоо харин улсыг ах нь, дүү нь нийслэлийг удирдах нь.
