Монголын эмэгтэйчүүдийн холбоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “I woman-бизнесээ тэлье” уриатай форумыг зохион байгуулж байна. Тус холбооноос гэртээ суугаа буюу санхүүгийн хараат амьдарч буй бүсгүйчүүдэд чиглэсэн “I woman” цахим флатформ нээснээ өнөөдөр зарлаж буй юм. Энэ флатформоор дамжуулан эмэгтэйчүүд гэрээсээ бизнес эрхлэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
Өнөөдрийн форумд нийслэлийн бүх дүүрэг, 21 аймаг, 330 гаруй сумаас бизнес эрхлэгч болоод эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд оролцож байгаа гэдгээ онцлогтой. Эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд асарч хүмүүжүүлэх эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, эрт тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар гэртээ суух нь түгээмэл байдаг нь тэднийг санхүүгийн хараат байдалд оруулдаг нийтлэг шалтгаан бий. Тэгвэл цаашид “I woman” флатформ тэднийг санхүүгийн хараат байдлаас гарах гарц болно гэж форумыг санаачлан зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Форумд оролцож байгаа алслагдсан аймаг сумдаас ирж байгаа бизнес эрхлэгчдийн зүгээс сум орон нутаг эзгүйрч байгаа нь бизнес эрхлэх орон зайг хумигдах гол шалтгаан болж байгааг мэдэгдэж байлаа. Харин гэртээ хүүхдээ хараад сууж байгаа бүсгүйчүүдийн зүгээс зээл авах шалгуур хэт өндөр байгаа нь бизнес эрхлэх бололцоог хумидаг талаар ярьж байсан юм.
