Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Мөнхбаатар, татварын байцаагч Г.Мөнхбаяр, Б.Батнуур нар албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон бусдын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг багасган тооцож, бүртгэл үүсгэн, өөрсдөдөө давуу байдал бий болгосныг АТГ шалгалтаар тогтоожээ. Тэд цөөнгүй тээврийн хэрэгслийн албан татварыг багасган, улсын орлогод орох ёстой байсан мөнгийг бүрэн төвлөрүүлээгүй байна.
Прокурорын байгууллагаас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдээд байна. Тэдэнд холбогдох энэ хэргийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүх ирэх 7 хоногт хэлэлцэхээр боллоо.
