Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг өнөөдөр /2026.03.04/ 21 аймгийн Засаг дарга, аймгуудын онцгой комисстой цахимаар хуралдаж өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбоотой үүрэг даалгавруудыг өгч ажиллалаа.
Малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулахын тулд аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвар сайтай авто машин 20 ширхэг, цас ихээр орж зам даваа хаагдсан зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэг олголоо. Мөн 796 тонн өвс, 8154 тонн тэжээл, аймаг тус бүрт 50 тн шатахууны дэмжлэг улсын нөөцөөс олгосон байна.
Түүнчлэн зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их болон их эрсдэлтэй үнэлэгдсэн баруун, төв, хангайн бүсийн аймгуудад Улсын онцгой комиссын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс анхаарч ажиллах шаардлагатай байгааг МУ-ын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг онцолж холбогдох үүрэг даалгавруудыг хүргүүлж ажиллалаа.
