Хүүхдэд согтууруулах ундаа зараад, цагдаа нарт авлига өгсөн CU-гийн ажилтанд 1.1 жил хорих ял өглөө


Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдсан гэх иргэний мэдээллийн дагуу эргүүлийн офицер Н.Мөнхсайхан, эргүүлийн цагдаа Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нар 2025 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД-ийн 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг СU-гийн салбарт очиж, 21 насанд хүрээгүй Ө-д согтууруулах ундаа худалдсан үйлдлийг илрүүлжээ. Уг хуулийн этгээдийг торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах талаар СU-гийн худалдааны зөвлөхөд мэдэгдсэн байна.

Тус салбарын үйл ажиллагааг хариуцдаг А.Мөнхбаяр торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс тэдгээр цагдаад 2.5 сая төгрөг өгсөн аж. Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нар уг мөнгийг хуваан авчээ.
Ийн тэд нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдсон бол А.Мөнхбаяр хахууль өгөх гэмт хэргээр АТГ-т шалгуулжээ. Прокурор энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж , 1 жил 2 сар хорих ял өгсөн байна. Н.Мөнхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сараар хасаж, 1 жил 1 сар хорих ял оноосон аж. Харин А.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жил 6 сар хасаж, 10 сар хорих ял оногдуулжээ.

Үүнийг А.Мөнхбаяр эсэргүүцэн, ялаа хөнгөлүүлэхээр давж заалдсан аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2026.03.06-нд хэлэлцэв. Ингээд анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон хуулийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэж, А.Мөнхбаярын гомдлыг хангалгүй орхив.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *