АПУ ХК компанийн ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдол бүхий Зүүн бүсийн автомат агуулахын шав тавих ёслолоо хийлээ. Энэхүү төсөл Улаанбаатар хотын зүүн бүс болон зүүн, зүүн-өмнөд аймгуудын түгээлтийн сүлжээг илүү оновчтой, найдвартай болгох зорилготой юм. Шинээр барих автомат агуулах нь компанийн түгээлтийн стратегийн чухал зангилаа болж, нийт ачилтын 38 хүртэлх хувийг дангаар гүйцэтгэх хүчин чадалтай. Ингэснээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг илүү ойроос, илүү шуурхай хүргэх боломж бүрдэж, хотын түгжрэлийг бууруулах, түгээлтийн маршрутыг оновчтой болгох, түлшний хэрэглээг багасгах, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах эерэг нөлөөг нийгэмд үзүүлэх юм.
Мөн хүргэлтийн хурд 2–3 дахин нэмэгдэж, нийлүүлэлтийн шуурхай байдал сайжрахаар төлөвлөсөн байна. Зүүн бүсийн автомат агуулах нь тухайн компанийн 3 дахь автомат агуулахын төсөл бөгөөд ASRS (Automated Storage and Retrieval System) системийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. Тус систем агуулахын ажиллагааг өндөр нарийвчлалтай, үр ашигтай болгоно гэж үзэж байна. Мөн ачилтын процессыг бүрэн автоматжуулах бөгөөд WMS ухаалаг удирдлагын системээр FIFO/FEFO хяналт, чанарын менежментийг дэлхийн жишигт нийцүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна.
Энэхүү ложистикийн цогцолбор нь орчин үеийн оффисын хэсэг, автомат агуулахын шийдлүүдийг багтаасан дэвшилтэт дэд бүтэц болж, АПУ ХК-ийн нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг шинэ түвшинд хүргэх стратегийн чухал хөрөнгө оруулалт болох юм. Зүүн бүсийн автомат агуулах ашиглалтад орсноор компанийн түгээлтийн үйл ажиллагаа илүү ухаалаг, хурдтай, байгальд ээлтэй шийдлээр хөгжиж, хэрэглэгчдэд хүрэх үнэ цэнийг улам нэмэх болно.
АПУ ХК ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах 3 дахь автомат агуулахын төслөө эхлүүллээ
