Албан тушаалаа ашигласан 4 хэргийг шүүхэд шилжүүллээ


Нийслэлийн Прокурорын газар авлига, албан тушаалаа ашигласан доорх хэргүүдэд өнгөрсөн 7 хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. Үүний зарим хэргээс дурдвал:

– Ц.Б эмнэлэгт тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн иргэдийн төлбөр болох 22,4 сая төгрөгийг байгууллагын дансанд тушаахгүй, өөртөө авчээ. Албан тушаалаа ашиглан, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.

– Г.А нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын ачаа барааг гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд бусдаас 10,0 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Т.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

– Ч.Б байгууллагын судалгааны төвийн даргаар ажиллаж байхдаа “томилолтын зардал” нэрээр гэрээнд заасан ажил үйлчилгээг хийгээгүй байхад төлбөрийг бусдад шилжүүлж, улмаар өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансаар эргүүлэн авчээ. Ийм аргаар байгууллагад 14,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

– У.Б ашиг олох зорилгоор  Г.Г -тэй хамтран нэр бүхий иргэний өмчлөлийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хүсэлт, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн бүртгэл хийлгүүлж, иргэнд 60,9 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *