Н.Алтанхуяг нарын 11 хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо


“Хөгжлийн банкны” гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр (2026.03.10)-ийн 15:00 цагаас шийдвэрээ танилцууллаа. Тус шүүх оролцогчдын гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу уг хэргийг 3 дугаар сарын 2-4-нд хэлэлцэж, ял оноохоор түр завсарлаад, өнөөдөр шийдвэрээ танилцуулахаар хурлаа үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэж, 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр уг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сард эл хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэ нь УДШ-ийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн, давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан юм.

Үүний дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчдын гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг 3 дугаар сарын 2-4-нд хэлэлцэж, ял оноохоор түр завсарлаад, өнөөдөр шийдвэрээ танилцуулав. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.17-ны өдрийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт орууллаа. Үүнд:

  • Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Н.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв.
  • Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Б.Даваасамбуу, Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов.
  • Зарим шүүгчдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсон заалтыг бүхэлд нь хүчингүй болгов.
  • Зарим шүүгдэгчийн хэргийг хөнгөрүүлсэн заалтыг бүхэлд нь хүчингүй болгов.
  • Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Д.Мөнхбат, Б.Даажамба, М.Баярмагнай, Ш.Бүтэд, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, “Ганхүдэр-Орд”, “Интер” компанийг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгов.
  • Б.Батбаяр, Мөнхтулга нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгов.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *