Ахлах болон дунд сургуулийн сурагчдын 20–30% нь дээрэлхэлтэд өртөж үзсэн байдаг


Орчин үед ахлах сургуулийн сурагчид бусдыг дээрэлхэх тохиолдол маш түгээмэл гардаг хэвээр байнө. Дэлхийн улс орнуудад хийсэн судалгаануудын дунджаас харвал, дэлхий даяар ахлах болон дунд сургуулийн сурагчдын ойролцоогоор 20–30% нь дор хаяж нэг удаа бусдын дээрэлхэлтэд өртөж байсан гэх тооцоо гарчээ. Зарим улс оронд энэ нь 30–40% болж өсөх тохиолдол ч бий. Мөн сошиал медиа хөгжиж буй энэ цаг үед сүүлийн жилүүдэд cyberbullying буюу сошиал сүлжээ, чат, мессежээр бусдыг доромжилж, дээрэлхэх явдал түгээмэл болжээ.

Олон улсад сургуулийн насны хүүхдүүд сургууль дээрээ бусдыг дээрэлхдэг нийтлэг шалтгаанууд:

Өөрийгөө хүчтэй, бусдаас илүү мэт харагдуулах хүсэл

Зарим хүүхэд бусдыг айлгаж, дорд үзүүлснээр өөрийгөө илүү хүчтэй мэт мэдрэхийг хүсдэг.

Гэртээ хүчирхийлэлд өссөн хүүхдүүд

Гэртээ хүчирхийллийг харж, өөрөө хүчирхийлэлд өртөж өссөн хүүхдүүд хохирогчийн сэтгэлзүйтэй болж, өөртөө тохиолдсон зүйлийг бусдад мэдрүүлэн өшөөгөө авахын тулд сургууль дээрээ бусдад хүчирхийлэл үйлдэх магадлал өндөр байдаг.

Өөртөө итгэлгүй байдал

Заримдаа бусдыг дээрэлхдэг хүүхдүүд өөрсдөө дотроо айдастай, өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмжтэй байдаг тул түүнийгээ нуухын тулд бусдыг дээрэлхэх хандлагатай байдаг.

Бусдын анхаарлыг татах

Зарим хүүхэд өөрийг нь хэн ч тоохгүй байгаа мэт мэдрэмж төрвөл хүмүүсийн анхаарлыг татахын тулд бусдыг дээрэлхэх хандлагатай байдаг.

Бүлгийн дарамт (Peer pressure)

Найз нөхөд, харьяалагддаг бүлгийнхээ өмнө “хүчтэй”, “зоригтой” харагдахын тулд бусдыг дээрэлхэх тохиолдол мөн түгээмэл гардаг.

Ялгаатай байдлыг үл зөвшөөрөх

Гадаад төрх, хувцаслалт, сурлагын амжилт, сонирхол, үндэс угсаа зэрэг хүмүүсийн ялгаатай байдлаас болж хүүхдүүд бусдыг дээрэлхэх тохиолдол бий.

Өнөө үед сургуулийн насны хүүхдүүд бусдыг дээрэлхэх явдал бүрмөсөн алга болоогүй. Гэсэн хэдий ч сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд, нийгэм хамтдаа анхаарч эхэлснээр дээрэлхэх явдлаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд нэмэгдэж байна. Сургуулийн насны хүүхдүүдийг харилцааны соёлтой болгох, сэтгэл зүйн дэмжлэг өгөх нь дээрэлхэлтийг бууруулах хамгийн их үр дүнтэй арга гэж судлаачид үздэг гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *