Сэлэнгэ аймаг дахь төрийн байгууллагын албан тушаалтан Т.Мөнхтуул эрх мэдлээ ашиглан, ойгоос мод бэлтгүүлжээ. Тэрээр 23 га талбайг дүгнэлт гаргалгүй тусгаарлаж, 2023 оны 12-р сард Х компанийн захирал Ж.Б-тэй мод бэлтгэх гэрээ байгуулсан байна.
Уг нь “Ойгоос мод бэлтгэх журам”-д байгалийн гэнэтийн гамшиг, түймэр, ойн хөнөөлт шавж, салхи шуурга, цас үер гэх мэтийн улмаас мод нэлэнхүйдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээ хийх шийдвэрийг ойн ангийн дүгнэлтийг үндэслэн, сумын засаг дарга гаргахаар заажээ. Цэвэрлэгээ хийх дүгнэлтийг сумын болон сум дундын ойн анги гаргахаар “Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журам”-д тусгажээ.
Үүнийг Т.Мөнхтуул зөрчиж, Х компанид мод бэлтгэх, худалдах, тээвэрлэх зөвшөөрөл өгсөн аж. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” хэрэгт холбогдов. Прокурор түүний хэрэгт уг заалтаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өчигдөр (2026.03.11) уг хэргийг хэлэлцээд, Т.Мөнхтуулын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оноолоо.
